>Онцлох хүн-Говь ХК Маркетинг хариуцсан захирал Б. Түвшинжаргал
2020 оны 10 сарын 8

Онцлох хүн-Говь ХК Маркетинг хариуцсан захирал Б. Түвшинжаргал

By: Admin

Онцлох ажилтан ярилцлагын шинэхэн дугаараар Говь ХК-ийн маркетингийн захирал Б. Түвшинжаргалыг урьж, сонирхолтой ярилцлага өрнүүлснийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Тэрээр их сургуулиа төгсөөд, судалгааны ажилтнаар ажиллаж эхэлснээсээ хойш 3-хан жилийн хугацаанд нийт 6 албан тушаал дэвшин ажиллаж яваа 24 настай залуу үеийн төлөөлөл билээ. Говь хэмээх Монголчуудын бахархалт брэндийг дэлхийн зах зээлд онлайн худалдаагаар дамжуулан таниулах хариуцлагатай, нэг талаараа шинэлэг, сонирхолтой ажлыг хэрхэн хийж яваа талаараа болон өөрийн ажлын арга барилаас бидэнтэй хуваалцлаа.

Та өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?

Би МУИС-г бизнесийн удирдлагын маркетинг менежмент мэргэжлээр 2017 онд суралцаж төгссөн. Оюутан байхдаа менежмент, санхүү, маркетинг, хүний нөөц гээд бүх л төрлийн салбаруудын эрдэм шинжилгээний хурал, олимпиадуудад оролцдог идэвхтэй оюутан байсан даа. Одоо бол азаар ч гэх үү, ГОВЬ хэмээх бахархалт брэндийн маркетингийг хариуцан дэлхийд таниулахаар чадан ядан зүтгэж л явна.

Яагаад хамгийн анх маркетингийн мэргэжлийг сонгосон бэ?

Яг үнэнийг хэлэхэд анх мэргэжлээ сонгохдоо санхүүд суралцъя гэж боддог байсан боловч мэргэжил сонголт хийдэг өглөө нь сургуульруугаа явж байтал гэнэтийн асуудал тохиолдоод хоцорчихсон. /инээв/

Тэгээд л надад үлдсэн сонгох боломжтой мэргэжлүүдээс хамгийн сонирхолтой нь маркетинг менежмент байсан юм. Одоо бодоход яг л би маркетингийн мэргэжлээр суралцах ёстой байсан болоод л надад тийм зүйл тохиолдсон юм шиг санагддаг.

Их сургуулиа төгсөөд шууд Таван Богд Групп-д орж байсан, хэрхэн орж байсан түүхээсээ хуваалцана уу?

Миний хувьд их л сонирхолтой зүйл болсон юм. Би 4-р курсэд суралцаж байхдаа Маркетинг Менежментийн улсын олимпиадад оролцоод, хувийн оноогоороо 1-р байранд шалгарсан. Тухайн үед Монголын маркетингийн холбооны “оюутан маркетер клуб”-н гишүүн байсан тул  холбооны ерөнхийлөгчийн төрсөн өдөрт уригдан очиж байлаа. Ороход үүдэнд нь хүн бүрд нэг хүнийг олоорой гээд 3 шинж чанарыг нь биччихсэн цаас өгсөн юм. Би өөрийнхөө хүнийг ерөөсөө олохгүй хайж байтал миний сонгосон хүн Таван Богд Группийн маркетингийн газрын Ж. Оюунчимэг захирал байсан. Тэгээд л хамгийн анх захиралтайгаа танилцаж, намайг маркетингийн холбооны гишүүн бас олимпиадад 1-р байранд орсон гэж үнэлээд судалгааны ажилтнаар ажилд авч байсан түүхтэй.

Ажлын гараагаа судалгааны ажилтнаас эхлээд одоо маркетингийн захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа сурсан хамгийн чухал зүйлс юу байсан бэ?

Хүмүүс ажил, амьдрал гэдэг хоёр зүйлийг их салгаж ойлгодог юм шиг санагддаг. Ихэнх хүмүүс ажил бол мөнгө олох зорилготой ба олсон мөнгөө амьдрахдаа хэрэглэдэг гэж ойлгодог юм шиг санагддаг. Гэтэл ажил дээрээ ч гэсэн амьдралынхаа багагүй хугацааг зарцуулж, мэдрэмж мэдэрч л байгаа учраас сайхан “амьдрах” хэрэгтэй шүү дээ. Миний хувьд ажил, амьдралаа аль алийг нь хамтад нь гоё байлгахын тулд эргэж харамсахгүйгээр хамгийн сайнаараа хичээн ажиллах” хэрэгтэй гэж боддог.

Анх судалгаан дээр ажиллаж эхлэхэд огт мэдэхгүй олон шинэ зүйлс байсан учраас хэцүү санагдсан ч сүүлрүүгээ маш сонирхолтой болж эхэлсэн шүү. Тухайн үед хүмүүсийн 10 хоногт хийдэг ажлыг 5 хоногт хийх шаардлага надад тулгарч байлаа. Тэгэхээр би анхнаасаа л ямар нэгэн зүйлийг хийхдээ ажлын процесс бүрийг хамгийн хялбараар, хамгийн хурднаар  үр дүнг алдагдуулахгүйгээр, сайжруулж хийх шийдэл гаргаж сурсан.

Хүмүүсийн хоорондын харилцаа бол тэр чигтээ компанийн процесс байдаг. Тэр бүрийг хамгийн сайнаар зохион байгуулахад миний зүгээс яаж дэмжиж болох вэ? яаж, юуг илүү сайжруулж, өөрчилж болох вэ? гэдгийг тогтмол хараад явах их чухал гэж боддог.

alt

24-хөн насандаа захирлаар ажиллах санал авахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Яг үнэнийг хэлэхэд их айсан. Гэхдээ айхгүй байна гэдэг өөрөө их дэмий зүйл гэж боддог. Ер нь байнга айж, санаа зовж заримдаа ажлаараа омогшоод сэтгэл хөдлөлтэй ажиллах нь нэгэн хэвийн ажиллахаас илүү дээр санагддаг.

Хувцас загварын зах зээл миний хувьд цоо шинэ ертөнц байсан ба ажиллаж эхлээд надад шинэлэг санагдсан зүйл гэвэл би загварын мэдрэмж тал дээр тийм ч их мэдлэггүй одоо яана даа гэж бодож байсан. Гэтэл бизнесийн менежментийн гол онцлог нь ур чадвартай хүнээ хамгийн сайнаар нь дэмжээд чаддаг зүйлийг нь хийлгэх юм билээ. Түүнээс биш удирдлага гэхээрээ л бүх зүйлд өөрийн саналаа тусгаж, зүтгэнэ гэдэг хэцүү. Говийн проццесоор ганцхан фото зураг байсан ч бүх захирлуудаараа явж, хянуулах гэх мэт зарим нэг төвөгтэй зүйлсийг өөрчилсөн. Харин “креатив баг” гаргаж тус багийн гаргасан санаа, хийсэн ажлыг тэд өөрсдөө үнэлж, хянах шийдэх эрхтэй болгож өгсөн юм.  

Анх ажилд орохдоо карьерийн төлөвлөгөөгөө гаргачихсан байсан уу?

Бүр жоохон байхдаа л хүүхэд бүхэнтэй ижил хурдхан ажил дээр гараад компанийн захирал болчихвол гоё гэж боддог байсан. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд ажлаа хийж эхлээд карьерийн төлөвлөгөө гэж огт гаргаагүй. Яг тухайн байгаа газар, албан тушаал дээрээ л хамгийн сайнаараа ажиллахыг хичээж байсан. Хүмүүст зөвлөж хэлэхэд маш хурдтай карьеэрээ дээшлүүлэх гэж яарах зүйл огт байхгүй юм билээ.

Хүнд байгалиасаа заяагддаг логик зүй, гоо зүй, сэтгэл зүй гэж 3 төрлийн ур чадвар, мэдрэмж байдаг. Түүнд нь хязгаар байдаг байж магадгүй ч хязгаартаа тултал нь хийж, хөгжүүлж үзээгүй бол бусад хүмүүсээс хоцорч байгаадаа гомдоллох хэрэггүй гэж боддог.

alt

Өглөө гэрээсээ гараад орой гэррүүгээ харих хүртлээ юу юу хийдэг вэ?

Ноолуур нь өөрөө улирал, цаг агаарын нөлөөтэй худалдаалагддаг бүтээгдэхүүн учраас Европын өдөр тутмын цаг агаар бидэнд их чухал байдаг. Тиймээс  шөнийн 3 цагт сэрээд Германы цаг агаар бас борлуулалтаа хардаг зуршилтай болчихсон. Харин өглөө сэрээд зардал, борлуулалтаа утсаараа дахин нэг хараад оффис дээрээ очихдоо хамгийн түрүүнд борлуулалтын үр дүнгээ багийнхантайгаа хэлэлцдэг. Түүний дараа контент болон үндсэн маркетингийн ажилруугаа оролцоод явдаг. Манай компанийн удирдлагын баг маш их цагийг хуралдаж өнгөрүүлдэг онцлогтой. Цоо шинэ зах зээл дээр ажиллаж буй бизнес учраас олон зүйлийг шийдвэрлэхийн тулд хоорондоо ярилцаж, их цаг хугацаа зарцуулах шаардлагатай байдаг юм. Сүүлийн үед ажил санасан хэмжээнд явахгүй байгаа болохоор санаа зовж, сайжруулах зүйлсүүддээ төвлөрөөд компаниараа хамтдаа оройтож суух тохиолдол цөөнгүй. Ер нь л товчоор хэлбэл ажлаараа амьсгалж байна даа.

Та хэнээс, юунаас урам зориг авч ажилладаг вэ?

Дижитал маркетингийн хамгийн сонирхолтой зүйл нь бидний хийсэн ажлын үр дүн шууд нүдэн дээр харагддаг учраас гарсан үр дүнгээс нь их урам зориг авч ажилладаг. Жишээлбэл бид вэбийн доторх зургуудаа 10% сайжруулахад л дижитал маркетингийн борлуулалтын үр дүн нь яг ижил 10% өсдөг.

Бас Говийн тэргүүн дэд Болорбат захирлаас суралцах зүйлс маш их,  мундаг удирдагч гэж боддог тул урам зориг авдаг. Компанийн хамт олныг яг нэг чиглэл, зорилгоруу харуулж чаддаг нь гайхалтай ба энэ нь компанийн үйл ажиллагааг явуулахад бүх асуудалд нэг ойлголтоор хандаж хурдан шийдэл олддог.

Монголын томоохон компанийн маркетингийн захирлын албан тушаалд ажиллах ямар байдаг вэ? Хүмүүсийн хандлага ямар байна?

Хүмүүсийн хандлага гэхээс илүү манай компанийн соёл нь өөрөө үр дүнд суурилсан учраас хүн бүр ажлаа л сайн хийж байвал хэн нэгний талаар ямар сэтгэгдэлтэй байх нь тийм ч чухал биш.

Жишээлбэл компани дээр бидэнд хүн нэг бүрийн арга барил, харилцаа, сэтгэл хөдлөл зэргийг хянаад, цагдаад, дүгнээд байх боломжгүй, шаардлагагүй гэж үздэг. Харин бид юуг зорьж байгаа вэ, хаашаа тэмүүлж байгаа вэ гэдгээ хамтдаа ойлгоод энэхүү үйл ажиллагаанд хүн нэг бүрийн оролцоо юу вэ гэдгийг ойлголцох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд тухайн үр дүнд сөргөөр нөлөөлөх зүйлүүдийг асуудал гэж үзэх ба эсрэгээрээ эерэг нөлөөллийг өдөөж дэмжих шаардлагатай. Яг ингээд үзвэл тухайн хүний зан чанар, арга барилыг хянаж, стандартчилах биш харин ч ажлын байранд нь тааруулан өдөөж өгөх нь ч заримдаа зөв арга барил болдог.

Нөгөө талдаа Говийн онлайн борлуулалт дээр бид их өөдрөг зорилт тавьчихсан тэмүүлэлтэй ажиллаж байгаа учраас яг үүндээ итгэл үнэмшилтэйгээр хандаад ажиллавал маш гоё үр дүн гарна гэж найдаж байгаа.

alt

Удирдлага хүнд байх ёстой гол зарчмуудыг та юу гэж харж байна?

Говьд маркетингийн захирлаар ажиллаад 4 сар болж байна. Миний ойлгож байгаа нэг чухал зүйл бол удирдлага хүн өөрийн багаа яг хаашаа явах вэ? бид ямар үр дүнд хүрэх вэ? гэдгийг нүдэнд нь харагдтал ойлгуулах юм байна гэж харсан. Үүнийг л сайн ойлгуулж чадах юм бол баг өөрөө хамтдаа сайжруулдаг, хичээдэг, зорилгынхоо төлөө ажилладаг болно. Тийм үед удирдлага хүний яг ямар характертай байна уу? юу өмсөнө үү? гэх мэт бусад асуудлууд тийм ч чухал биш.

Хувь хүнийхээ хувьд гэвэл удирдлага хүн заримдаа шийдэмгий, зоримог байх шаардлагатай. Дан ганц удирдлага ч гэхгүй зарим зүйлд хэзээ ч аналитик байдлаар шийдвэр гарах боломжгүй зүйлүүд гэж байдаг. Тэр үед л тухайн хүний өөрийн мэдрэмж, сэтгэл зүй маш чухал ба баг хамт олон нь тийм манлайллыг хүлээж байдаг.

Танай багт ямар хүмүүс ажилладаг вэ?

Манай багийнхан хамгийн мундаг чадвартай залуучуудаас бүрдэж чадсанд баяртай байдаг. Мэдээж компанийн үнэт зүйлийн №1-т хүмүүс байх ёстой. Тэр хүмүүсийг хамгийн чухалд үзэж хөгжүүлснээр бид нар бүгдээрээ хамт сайн үр дүнд хүрнэ гэсэн үг.

Багийнхны хувьд бусдыгаа гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Хэн нэгэн нь ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй байлаа гэж бодоход за энэ ч миний хийх ажил биш дээ гэж бодох биш хамтдаа бие биедээ туслаж байж илүү урагшилдаг. Жишээлбэл би маркетингийн хүн байлаа гээд мерчандайзинг хамаагүй биш харин ч бүр ажлын бус цагаараа зав гаргаад хамтран төлөвлөгөөн дээр нь ажиллах, өөрийн мэддэг  чаддаг зүйлсээс хуваалцах, ажлыг нь хялбарчлах гэх мэт байдлаар бие биедээ тусалж явдаг.

Энд нэг хог байхад энийг хэн авах бол? хэн хаясан бол? биш би энийг аваад хаячихъя гэдэг сэтгэл зүй хүн бүрд байх нь их чухал.

Та өөрийн ажиллаж буй салбарын гол онцлогоос бидэнд танилцуулаач?

Онлайн худалдаан дээр маркетинг их өөр зарчмаар явагддаг онцлогтой. Борлуулалтын орлогоосоо багахан хувийг нь маркетингийн төсөв болгоод түүнийгээ л маркетингдаа зарцуулна гэсэн ойлголт байхгүй. Онлайн худалдаан дээр маркетинг нь өөрөө голлох хүчин зүйл болоод борлуулалтыг бий болгож явдаг. Бусад газрууд борлуулалт муудаад ирэхэд маркетингийн зардлаа танадаг бол онлайн худалдааны хувьд маркетингийн зардлаа танавал борлуулалт нь шууд унана.

Тэгэхээр маркетинг хамгийн чухал функц бөгөөд борлуулалтын үндсэн үйл ажиллагаа байдлаар ажилладаг. Иймдээ ч зардал, төсвийн хувьд уламжлалт маркетингтай харьцуулах нь оновчгүй ба маш өндөр харагддаг.

Монголоос анх удаа Говь брэнд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Дэлхийн зах зээлд дотоодын брэндийг таниулан, хөгжүүлэх ажил хэр хүндрэлтэй байна вэ? Ямар бэрхшээлүүд тулгарч байна?

Хятад, Америк, Европ гээд 3 тивийн 5 зах зээл дээр бид төвлөрч ажиллаж байгаа. Улс бүрийн онцлогоос хамаарч хэрэглэгчдийн зан төлөв их ялгаатай байдаг. Жишээлбэл баруун Европ, зүүн Европийн хэрэглэгчид хоорондоо эрс өөр байдаг учраас бид хэрэглэгчдээ салгаж, судалж аль болох зах зээл бүрийн хэрэглэгчдийн онцлогт тулгуурлан маркетингийн ажлаа хийх нь оновчтой.

Говь брэндийн борлуулалт цаашид олон улсад хэр өсөхөөр тооцоолж байгаа вэ? Борлуулалтын өсөлтөд онлайн маркетингийн нөлөөлөл ямар байна?

Бид өнгөрсөн жилийн мөн үеэс 20 дахин өсөх зорилт тавин, түүндээ хүрэхийн төлөө ажиллаж байна.

Онлайн худалдааны маркетинг нь уламжлалт маркетингийн ойлголтоос маш өөр, хамаагүй сонирхолтой байдаг санагддаг. Уламжлалт маркетингийн хувьд ирээдүйн болон одоогийн хэрэглэгчдээ татахын тулд тэдэнд мэдээлэл хүргэдэг байсан бол онлайн маркетинг нь хэрэглэгчдэд мэдээлэл хүргэхээс гадна бидэнрүү хүрэх замыг нь зааж, бэлдэж өгдөг хэрэгсэл гэдгээрээ онцлогтой. “Google дээр гэхэд л Германы зах зээл дээр 1 өдөрт тогтмол 1000-2000 төрлийн түлхүүр үгэн дээр ажиллаж, үр дүнг нь хараад л шинэчлэх гэх мэт маш сонирхолтой, толгой ажиллуулсан эргээд харахад бодит үр дүнг нь шууд харах боломжтой нь урамтай шүү.

Өдөр тутамдаа юунаас шинэ мэдээлэл авч сурч хөгжиж байна вэ?

Хувийн мэдээлэл авах сувгуудаа ихэнхийг нь ашиглахаа больчихсон байгаа. Оронд нь ихэвчлэн загварын салбар болон онлайн худалдаатай холбоотой мэдээллүүдийг вэб сайтуудаас сонирхож уншина бас подкастуудыг тогтмол сонсож аль болох салбарынхаа мэдээллээс хоцрохгүй байхыг хичээж байна даа.

Та бидэнд цаашдын зорилгоосоо хуваалцаач?

Яг ажлын хувьд гэвэл би өмнө нь ашгийн бус нэгжид тогтсон бүтцийг сайжруулахын тулд ажилладаг байсан бол Говь дээр хамгийн сайн бүтцийг тогтоох мөн тэр бүтцийг зөв зүгрүү нь чиглүүлэхийн төлөө ажиллаж байна.

Мэдээж бид төлөвлөсөн борлуулалтын зорилгодоо хүрэх гэж ажиллаж байгаа. “Борлуулалт” гэдэг үг хүн бүхэнд гоё сонсогддоггүй л дээ. Гэхдээ борлуулалт нэмэгдсэнээр хэрэглэгч, харилцагч, ажилтан, компани цаашлаад улс орон гээд оролцогч тал бүрд хүрэх ашиг шим, үр өгөөж нэмэгдэнэ гэдэг утгаараа их чухал юм.

Монгол улсын 10 хүн тутмын 9 хүн нь ноолууран хувцастай байдаг. Гэтэл дэлхийн хэрэглэгчдийн хувьд тийм биш учраас Говийн ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнэ буюу чанар бас бусдаас хэд дахин хямд үнэ гэх мэт олон давуу талыг нь хүн бүрд хүртээмжтэй байгаасай хэмээн зорьж байна.

Энэхүү нийтлэлийг уншиж буй хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө?

Миний хувьд Таван Богд Группээс өөр компаниудад ажиллаж үзээгүй учраас бусад компаниуд яг ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ нэг онцлох зүйл нь “та өөрийн ажлаа амьдрал гэж хараад түүнээс гарах үр дүнг амьдралынхаа аз жаргалын хэмжүүр болгон ажиллаж чадвал чиний хийж буй зүйл заавал үнэлэгдэх болно”. 

Хүн бүрд байгалиас нэг гайхамшигтай шинж чанар заяагдсан байдаг. Өөрийн онцлог, авьяас чадвараа олоод бүх хүчин зүтгэлээ гаргаад ажиллавал Таван Богд Групп хүнийг маш сайн үнэлж, хэрэгтэй газар нь ажиллуулж чаддаг компани юм шүү гэдгийг би өөрийн туршлагаас харж байна.

Мөн үеийнхэн болон залуучуудад хандаж хэлэхэд ямарваа нэгэн зүйлд ханаж цадсан мэдрэмж авсан мөчөөс уналт эхэлдэг. Тиймээс бүх зүйл дээр эрэлч, хайгуулч, өлөн байх хэрэгтэй гэж боддог. Цадсан мэдрэмж авч байгаа бүх зүйлээ эргээд харахад сул ур чадвар болсон байдаг. Маш энгийн хэчнээн сайн сагсчин байлаа гээд бэлтгэлээ тасалдуулбал бусдаасаа хоцорно, эргээд харахад хичээдэг байж гэдэг харамсал л үлдэнэ.

Эцэст нь хэлэхэд хийж буй бүх зүйлдээ чин сэтгэлээсээ хандаарай. Үнэхээр сэтгэлээсээ хандаж чадахгүй бол тэр зүйлээсээ татгалзаад чин сэтгэлээсээ байж чадах зүйлээ олох хэрэгтэй.

Онцлох ажилтан ярилцлагад оролцон цаг заваа зарцуулж бидэнд сонирхолтой, хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцсан танд баярлалаа. Дэлхийд танигдсан Монгол брэндийг хөгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье!