>ОНЦЛОХ ХҮН
2021 оны 3 сарын 31

ОНЦЛОХ ХҮН

By: Admin
Онцлох хүн ярилцлагынхаа энэ сарын дугаараар Таван Богд Интернэйшнл ХХК-ийн, Хөдөө орон нутаг хариуцсан албаны даргыг урьж оролцууллаа. Түүний Таван Богд Группт ажилласан 14 жилийн түүх, ажиллах арга барил, үнэтэй туршлагаас нь хуваалцахыг зорилоо.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны Таван Богд Группт хэрхэн ажилд орсон түүхээс яриагаа эхлэх үү?

Баярлалаа, Юун түрүүнд цаг заваа зориулан ярилцлагыг маань уншиж байгаа нийт уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Би 2007 онд Таван Богд Группийн охин компани болох Таван Богд Косметик компаниас ажлын гараагаа эхэлж байлаа. Ажилд орохоосоо өмнө нэлээдгүй хугацаанд гадаад улсад ажиллаж байгаад ирсэн юм. Монголд ирэхдээ улсын хэмжээний том компанид л ажил орно гэсэн зорилготой байсан. Тийм болохоор Таван Богд, MCS хоёрт л анкетаа өгсөн. Удсан ч үгүй Таван Богдоос холбогдоод, ирж ярилцлагад ороод маргаашаас нь шууд л ажилдаа орсон. Харин хэд хоногийн дараа MCS-ээс ярьж байсан шүү /инээв/. Ийнхүү миний ажил амьдралын гараа Таван Богд Групптэй салшгүй холбогдсон юм.

Таван Богд Косметик компанид ямар ажлын байранд ажиллаж байсан бэ? Та 14 жилийн хугацаанд карьерын хувьд хэрхэн өсөн дэвжсэн бэ?

 Би 2007 оноос тус компанид анх худалдааны төлөөлөгч гэсэн ажлын байранд ажилд орсон. Карьерын хувьд худалдааны төлөөлөгчөөсөө түгээлтийн менежер, үйл ажиллагаа хариуцсан супервайзор, борлуулалтын менежер, түгээлтийн албаны дарга болж дэвшсэн бөгөөд харин одоо Таван Богд Интернэйшнл компанийн Хөдөө орон нутаг хариуцсан албаны даргаар ажиллаж байна. 14 жилийн өмнөх Таван Богд Косметик компани нь одоогийн Таван Богд Интернэйшнл компанийн үндэс суурь гэж хэлж болно.

Сүүлийн үед ажлын байрны тогтвортой байдал багассан санагддаг л даа. Таны хувьд нэг байгууллагадаа олон жил тууштай ажиллахад юу нөлөөлсөн бэ?

Хувь хүний үзэл бодлоос илүүтэйгээр байгууллага нь өөрөө тухайн хүндээ хэр өгөөжтэй вэ гэдэг асуудал яригдах байх. Байгууллагын соёл, хамт олны уур амьсгал, удирдлагуудын зөвлөгөө дэмжлэг, хөгжин суралцах боломж, карьер өсөлт хийх нөхцөл, нийгмийн асуудлыг дэмжих хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал гээд маш олон хүчин зүйл бий. Миний хувьд дээрх бүх хүчин зүйлд сэтгэл хангалуун байдаг, сэтгэл хангалуун ажилладаг. Харин би эргүүлээд юу хийж, юу бүтээж, юу хийх ёстой вэ гэдгээ анхаардаг. Товчхондоо бол сайн эргэх холбоо шүү дээ. Сонсоход 14 жил урт хугацаа юм шиг боловч эргээд бодоход маш хурдан өнгөрчээ.

Та өнгөрсөн хугацааныхаа дурсамжаас хуваалцаач. Хүн бүрд л хамгийн түрүүнд санаанд буудаг хөгжилтэй бас хөгтэй дурсамж байдаг шүү дээ?

Одоо ч техник технологи хөгжөөд их сайхан цаг үед бид амьдарч байна. Намайг анх ажилд орж байхад одоогийн дижитал технологийн системүүд байдаггүй байлаа. Бид нар борлуулалтын тооцоогоо эхний үлдэгдлээр нь хэвлэж гаргаад үргэлжлүүлээд гараараа бичиж бүртгэдэг, тэмдэглэдэг байсан юм. Хэрвээ нэг л алдах юм бол бүгдийг эхнээс нь эхэлнэ. Заримдаа их давгүй нэг бичилтээрээ явчихна, заримдаа хэд хэд эхнээс нь эхэлдэг байсан. Нэг талаасаа их хөгтэй, нөгөө талаасаа маш их анхаарал хариуцлагатай байдлыг суулгаж өгсөн гэж боддог.

Та хамт олноо хэрхэн удирддаг вэ? Арга барилаасаа хуваалцаач?

Ер нь миний үндсэн арга барил бол цагийн менежмент. Ажлаа маш сайн төлөвлөөд, төлөвлөгөөний дагуу цагаа зөв зохицуулж сурах нь маш чухал гэж боддог. Хоёрдугаарт дүрэм журмын дагуу зарчимтай ажиллаж, үнэнч шударга байх хэрэгтэй. Би энэ хоёр дүрмийг баримталж ажилладаг. Багийнхаа хувьд би удирдлага гэхээсээ илүү хамтран зүтгэгч гишүүн нь байхыг хичээдэг. Залуучууддаа мэдэхгүй зүйлийг нь зааж зөвлөнө, эргээд залуусаасаа суралцана. Харилцан бие биеэ дэмжин тусалж ажилладаг даа. Хоорондоо мэдлэг туршлагаа солилцож, дотроо ойлголтын зөрүүгүй ажиллах нь БАГ ХҮЧТЭЙ байх үндэс гэж бодож байна.

alt

Багийн залуучууд гэснээс танай хамт олон хэдэн насныхан байдаг вэ? Насны зөрүүнээс хамаарч ажиллах арга барилууд нь өөр байдаг байх?

Насны зөрүүтэй хүмүүс нэг багт байх нь яг л арга билигтэй ижил. Залуу хүмүүс их эрч хүчтэй, дайчин, сэргэлэн цовоо бөгөөд шинэ санаа санаачилга сайн гаргадаг. Арай ахимаг насны ажилтнуудын хувьд ажлаа гартаа оруулчихсан, эрсдэлээ тооцоолж сурсан, илүү няхуур нямбай бөгөөд арвин их туршлага хуримтлуулсан байдаг. Ер нь багийн гишүүдтэйгээ анхнаасаа сайн ярилцах хэрэгтэй. Юу хийх ёстой, юун дээр хамтран ажиллах ёстой гэх мэт асуудлууд тодорхой байх ёстой. Ажилтан маань ч бас юу хүсээд байгаагаа чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Ер нь ойлголтын зөрүүгүй байх л хамгийн чухал даа.

Та Группийнхээ тухай маш товчхон сэтгэгдлээ хэлээч?

Манай байгууллагын хүмүүс нийтээрээ маш хурдтай. Бүх зүйл цаг хугацаатай уралдаж явдаг. Хамгийн сүүлийн жишээ дурдахад Эрдэнэт Дарханд агуулахын тоног төхөөрөмжийн зөвшөөрөл хэрэгтэй болоод удирдлагуудад танилцуулахад тухайн өдрөө л шийдвэр нь гарсан. Энэ мэтээр бүх шатандаа хугацаа алдахгүй хурдтай ажилладаг. Бизнесийн байгууллагын хувьд маш чухал соёл гэж боддог.

Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

Цаг хугацааны хэрээр маш олон зүйл өөрчлөгддөг. Бид тэр өөрчлөлтийг даган цаг үргэлж хөгжин дэвшиж байх ёстой. Өмнө нь ийм байсан юм чинь гэж бодоод эхэлбэл бид нар цаг үеэсээ хоцорч байна л гэсэн үг. Худалдаа үйлчилгээний салбарын хүмүүсийн хувьд бусдаас нэг алхам түрүүнд явах хэрэгтэй шүү гэдгийг Таван Богд Группийн нийт ажилтнууддаа хэлмээр байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.