>Монгол хүний нээлттэй, өөртөө итгэлтэй, нүүрэмгий зангаас суралцах хэрэгтэй гэж боддог
2021 оны 4 сарын 30

Монгол хүний нээлттэй, өөртөө итгэлтэй, нүүрэмгий зангаас суралцах хэрэгтэй гэж боддог

By: Admin
Онцлох хүн ярилцлагынхаа энэ сарын дугаараар Таван Богд Вашёкү ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг урьж оролцууллаа. Түүний Монгол улсад ажилласан 15 жилийн түүх, удирдах арга барил, үнэтэй туршлагаас нь хуваалцахыг зорилоо.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хүүхэд нас болон яагаад тогооч мэргэжил эзэмшсэн талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

Сайн, сайн байцгаана уу? Миний ярилцлагыг унших гэж буй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хүний амьдрал ер нь тааварлашгүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн байдаг. Гэнэтийн ч бай, төлөвлөсөн ч бай бүгд л хувь тавилан юм даа. Би дунд сургуульд байхдаа хөлбөмбөг дажгүй тоглочихдог, сайн хаалгач байлаа. Хичээлийн дүнгүүд маань ч давгүй байсан. Тийм болохоор нэмэлт элсэлтийн шалгуургүй их сургуульд шууд орсон. Их сургуульд орохыг хүсэж төлөвлөсөн гэхээсээ илүү, боломж гарсан учир л орчихсон хэрэг. 18 настай хүү их сургуульд сурахынхаа хажуугаар жижигхэн Япон хоолны газарт ажиллаж эхэллээ. Тэр ажил маань надад маш их урам, итгэл өгсөн юм. Зочны нүдэн дээр хоол хийх мэдрэмж маш гоё, ер бусын байсан л даа. Тэр үед За миний насан туршдаа хийх зүйл бол ХООЛ юм байна гэдгийг ойлгож, тогооч болохоор шийдсэн.

Та 18 настайгаа эхлэн тогоочоор ажиллажээ. Энэ хугацаанд эх нутагтаа хэдэн жил ажиллав?, ер нь яагаад Монголд ирж ажиллах болов?

Би 18 настайгаа хойш үндэснийхээ хоолны соёлыг судалж, тогоочийн мэдлэг, ур чадвараа ахиулж, мэргэшихийн төлөө хичээж ирсэн. Ингээд 27 нас хүрэхдээ Япон хоолны газрын Ерөнхий тогооч болсон юм. Тэндээ гурван жил орчим ажилласны дараагаар гадаад оронд ажиллахыг хүссэн. Америк эсвэл Герман улсад гэсэн бодолтойгоор судалж эхлэв. Мэдээж тийм хялбар биш шүү дээ. Яг тэр үеэр миний нэг танилтай Ц.Баатарсайхан захирал Монголд Япон хоолны газар нээнэ гэж ярьсан байсан. Тэгээд танил маань надад Монгол гэдэг улсад Япон тогооч хэрэгтэй байна гэнэ, чи сонирхоод үзээч гэсэн юм. Одоо бодоход тэр гэнэтийн дуудлага миний ирээдүйг тодорхойлсон. Би, За тэгье гээд Баатарсайхан захиралтай уулзахаар Нарита нисэх буудал дээр яаран очиж 10-хан минут л ярилцаад салсан. Түүнээс хоёр долоо хоногийн дараа Баатараа захирал залгаад, За Шимизү чи ер нь Монголд хүрээд ир гээд маш шийдэмгий хэлсэн. Би ч бас шийдэмгий шийдвэр гаргаж Монгол улсыг зорьсон доо.  

Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач? Анх ирэхдээ ямар хугацаанд Монголд ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байсан бэ?

Монгол улс жил ирэх тусам хөгжин дэвшиж байна. 15 жилийн өмнөх Чингис хаан нисэх буудлаас хотын төв рүү явах зам, өнөөдрийн зам маш их өөрчлөгдсөн. Анх ирээд Яана аа, Би энд Япон хоол хийж чадах уу гэж бодож байсан /инээв/. Гэхдээ ажиллах газраа хараад сэтгэлд гэрэл гийсэн шүү. Баатараа захирал зүүн 4 замын уулзварт байрлах Хаан палас зочид буудлын хоёр давхрын Солонгос хоолны газрыг Япон хоолны SAKURA ресторан болгож өөрчилсөн. Харин би тэр рестораны Ерөнхий тогоочоор ирсэн юм л даа. Одоогийн KEMPINSKI зочид буудал шүү дээ. Маш цэвэрхэн орчин угтаж авч билээ. Тухайн үедээ хоёр жил ажиллах гэрээ байгуулж байсан. Хоёр жил байна гэж төлөвлөөд 15 жил болжээ /инээв/.   

Манай Монголчуудын хоол хүнсний хэрэглээ Япончуудаас тэс өөр шүү дээ. Энэ байдал сүүлийн 15 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Та өөрийн бодлоо хуваалцаач?

Мэдээж ялгаа их бий. Хамгийн гол ялгаа бол материалын төрөл. Японд ногооны төрөл маш их, сонголт арвинтай. Учир нь Японд жилийн дөрвөн улирал ногоо тарьдаг. Харин Монголд цаг агаарын уур амьсгал нь эрс тэс учраас ногоо ургах хугацаа нь богино. Түүнийгээ дагаад цөөхөн хэдэн төрлийн хүнсний ногоо л хэрэглэдэг. 15 жилийн өмнө Монголчууд мах, гурил, лууван, сонгино, төмс гэсэн л сонголттой байсан. Харин одоо тэр үеэсээ илүү олон төрлийн нарийн ногоо хэрэглэдэг болсон байна. Сонголт сайтай дэлгүүрүүд ч их болжээ. Хүмүүс ч бас эрүүл хоол идэхийг хүсдэг, эрүүл мэнддээ анхаардаг болсон байна шүү дээ. Будаа гэхэд л хэдэн янзаараа байна. Товчхондоо хоол хүнсэндээ сонгох материалын чанар сайжирсан байгаа юм. Энэ өөрчлөлтөд манай рестораны хувь нэмэр ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна. 15 жилийн өмнө Улаанбаатарт Япон хоолны ресторан манайхаас гадна нэг хоёрхон л байсан шүү дээ. Одоо тоо нь нэмэгдсэн ч Солонгос, Хятад хоолны газар шиг их бол биш.

Таныг хэлсэн чинь нээрээ тийм шүү гэдэг бодол төрлөө. Япон ресторан цөөн гэдгээс гадна Япон тогоочтой газар бараг байхгүй байх аа?

Яг байхгүй гэж хэлж болохгүй, гэхдээ ховор. Миний мэдэж байгаагаар ганц хоёрхон л газар байгаа шүү. Анх Сүшиг хүмүүс яагаад түүхий загас идүүлэх гээд байна гэж гайхдаг байсан. Далайд гарцгүй орон учраас далайн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан хэрэг л дээ. Харин одоо Сүши нь хүмүүсийн идэх дуртай, алдартай хоол болжээ. 10 жилийн өмнө Нагоми рестораныг нээсэн шалтгаан нь энэ байсан.  

Та сая Нагоми рестораны тухай ярилаа. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье. Нагоми рестораны онцлог шинж, давуу тал юу вэ?

Манай рестораны хувьд хамгийн чухал зүйл бол чанартай материал. Монгол орон далайгүй учир далайн бүтээгдэхүүнүүдээ импортоор авахаас өөр аргагүй. Бид загасаа Япон болон Солонгосоос, амтлагчуудаа зөвхөн Японоос авдаг. Тухайн улсаас гарч буй шинэ загасыг ямар стандартаар, хэдэн градуст, яаж вакумжуулж тээвэрлэх вэ гэдэг нь маш чухал асуудал. Бид үүн дээр их анхаарч ажилладаг. Үйлчлүүлэгч нартаа чанартай хүнсний материалаар амттай хоол хийж өгөхийг хүсдэг дээ.

Монгол хүмүүстэй хамтран ажиллахад ямар байна? Япон хүнтэй харьцуулахад давуу болон сул тал нь юу вэ?

Миний анх гайхаж байсан зүйл бол Монголчуудын харилцаа. Үйлчилгээний ажилтнууд зочинтой харьцахдаа нэг их айж эмээдэггүй. Яг л найзтайгаа, хамт ажилладаг хүнтэйгээ харьцаж байгаа юм шиг л энгийн ярьдаг. Японд бол дууны өнгөнөөс эхлээд шал өөр. Би гэхдээ үүнийг давуу тал гэж хардаг. Яагаад гэхээр энэ нь маш стрессгүй. Би нэгээ жишээ хэлье. Японд ерөнхий тогоочийн үг бол гал тогооны хууль л байдаг. Тийм хатуу соёлтой. Ерөнхий тогооч хар шувууг цагаан шувуу гэж хэлсэн бол, тиймээ энэ цагаан шувуу л гэх ёстой байдаг. Харин Монголд энэ цагаан биш, хар шүү дээ гээд шууд хэлж, илэрхийлж чаддаг. Хамт олон хоорондоо нээлттэй чөлөөтэй харилцаж байгаа учраас стрессгүй ажиллаж чадаж байна. Харин сул тал нь зарим зүйлд хэт өөрийнхөөрөө  хандах гээд байдаг. Жишээ нь манай рестораны хоолны амт өдөр бүр яг л нэг амтаараа байх ёстой. Гэтэл би ингэж хиймээр байсан, ингэж хийж болох юм шиг санагдсан гэх мэтээр хоолыг өөрчлөх гээд байдаг шүү/инээв/. Энэ байдлыг өнгөрсөн хугацаанд нэлээд өөрчилж ажиллахыг хичээсэн, өөрчлөгдөж ч чадсан. Зөвхөн манай ресторан ч биш Таван Богд Группийн бүх үйлчилгээний салбарууд үйлчилгээ гэж юу вэ?, үйлчилгээний стандарт ямар байх ёстой вэ? гэдгийг Монголд маш сайн нутагшуулж байна гэж дүгнэдэг.

Ерөнхий тогоочоор ажиллаж байгаад компани удирдсан Гүйцэтгэх захирал болоход ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Хамт олноо удирддаг өөрийн арга барилаасаа хуваалцаач?

Манай Таван Богд Вашёкү компани 2014 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар Нагоми 1, Нагоми 2, Мираж гээд 3 салбар рестораны нийт 62 ажилтан ажиллаж байна. Хамгийн багадаа 4 жил, ихдээ 12 жил ажилласан хүмүүс байгаа. Олон жил ажиллаж байгаа учраас байгууллагынхаа стандарт, соёл философийг сайн мэддэг хүмүүстэй. Ер нь байгууллагын ажилтнуудын 60 хувийг маш сайн чиглүүлж сургаж чадахад үлдсэн хүмүүс нь аяндаа дагаад өөрчлөгддөг. Хэрэв би тогооч байсан бол эх нутагтаа очиж ажиллахыг хүсвэл яваад л өгнө. Харин захирал хүний хувьд миний удирдлага дор ажиллаж байгаа хүмүүсийн өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Явлаа гээд л явж болохгүй. Би сайн байхгүй бол миний хүмүүс яах билээ гэж бодогддог юм байна. Миний хамгийн гол зарчим бол сэтгэлийн хөдлөлөөр, хувь хүний өнцгөөс асуудалд хандахгүй байх. Аливаа шийдвэрийг тайван үедээ нухацтай тунгааж гаргах. Хүн ууртай эсвэл гунигтай үедээ буруу шийдвэр гаргана. Тэр буруу шийдвэр компанийн үйл ажиллагааг доголдуулж, ажилтнуудаа хэцүү байдалд оруулах том эрсдэлтэй. Ямар үед хэнтэй яаж ярих вэ гэж их боддог. Мөн өөрийгөө байнга хөгжүүлэхийг эрмэлздэг. Би өөрөө сайн хөгжиж байж хүмүүстээ зааж сургана, тэднийгээ хөгжүүлнэ шүү дээ.

Танай компанийн ажилтнуудаас манай захирал их хүнлэг хүн гэдэг үг сонсож байсан. Ер нь удирдагч хүн хэр хүнлэг байх ёстой вэ? бас яагаад?

Би хүмүүстээ энэ ажлыг хийх ёстой ажилтан биш адилхан хүн гэдэг өнцгөөс ханддаг. Бид нэг онгоцонд суусан нэг баг, нэг хамт олон. Хамтдаа хичээж, хамтдаа урагшлах ёстой. Жишээ нь, Гал тогоонд 5 хүн ажиллаж байлаа гэхэд нэг баг болж, нэг тийшээ харж байж л сайн ажиллана. Нэг хүн нь л өөр тийшээ харахад тэр багийн бүтээмж огцом буурдаг. Тэгвэл яаж тэр 5 хүнээ нэг зүгт харуулах вэ гэхээр бид бүгд л адилхан хүн шүү гэдгийг ойлгуулах. Нэг гэр бүл шиг халуун дотно байх. Нэгнээ ойлгож хүндлэх зэрэг нь гол суурь болох юм л даа. Багийн гишүүдийнхээ давуу талыг олж харж, сул талыг сайжруулах хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэх арга зам нь чухал болохоос, шүүмжлэх нь чухал биш. Манайд 20-30 насны ажилтнууд олон байдаг. Хүмүүс залуу хүмүүсийг тэсвэргүй байна, залхуу байна гэж хэлэхийг их сонсдог. Миний хувьд залуучуудыг шүүмжлэх дургүй. Харин бид яаж харьцах ёстой вэ, ямар арга барилаар удирдах вэ, яавал юм сургах вэ гэсэн аргаа л сайн бодож, зөв гаргалгаа гаргах хэрэгтэй. Буруу хийгээд сурчихсан туршлагатай хүн өөрчлөгдөх хэцүү, чих хатуу шүү дээ/инээв/. Би хүний нөөцийнхөндөө туршлага ихтэй байх албагүй ээ, чих зөөлөн, сэтгэл сайтай, хандлага зөвтэй хүн аваарай гэж хэлдэг юм.

Япон хүмүүсээс суралцах ёстой зан чанар, хандлагыг бид үргэлж ярьдаг. Харин эсрэгээрээ Монгол хүнээс суралцах ёстой зан чанар юу вэ? 15 жил Монголд амьдарч ажилласан учраас та сайн мэдэх байх?

Би энэ талаар нэг жишээ дурдаж ярья л даа. Японд бараг 6,7 жил англи хэл сурсан хэр нь ичээд ярьж чаддаггүй. Би чадахгүй гэдэг хүмүүс олон байдаг. Харин Монгол хүмүүс хэл маш сайн сурдаг. Шалтгаан нь ичихгүйгээр ярьж чаддаг. Маш нүүрэмгий гэх юм уу. Би чадна гээд л, гадаад хүмүүстэй нээлттэй чөлөөтэй ярилцдаг. Мэдээж ярих тусам л алхам алхмаар сайжирч байгаа шүү дээ. Мэдэхгүй чадахгүй гээд эмээж суух биш мэднэ чадна гээд л дайрах хэрэгтэй. Монгол хүний энэ нээлттэй, өөртөө итгэлтэй, нүүрэмгий зангаас суралцах хэрэгтэй гэж боддог доо.

Та Монгол хэлээр их сайн ярих юм аа. Яаж Монгол хэл сурсан бэ?

Би эхний нэг жил орчуулагчаар дамжуулж харилцдаг байсан. Тэр үед ажигласан зүйл бол миний хэлсэн утга санаа орчуулагчаар дамжихаараа бүрэн төгс илэрхийлэгдэхгүй байсан юм. Тэгээд хоёр жил Монгол хэлний дамжаанд 7 хоногт нэг удаа суусан. Би өөрийнхөө үзэл санаа бодлыг, өөрөө л илэрхийлэх ёстой гэж ойлгосон учир орчуулагчгүйгээр өөрөө хичээсэн. Хамт олон маань ч сайн тусалж дэмжсэний ачаар одоо ингээд Монголоор ярьж байна даа.

Таван Богд Группийн ажилтнууддаа хандаж юу хэлмээр байна? Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

Бид дэлхий даяараа хүнд цаг үеийн нөхцөлд байна. Хүнд үед хүмүүсийн шүүмж ихэсдэг. Аливаа зүйлд заавал нэг буруутан гаргаж ирэх гээд байдаг л даа. Засгийн газрын буруу гэдэг ч юм уу... Хэрвээ бид асуудлыг шүүмжлэхгүйгээр сэтгэл хөдлөлөө дараад, бодит нөхцөл байдлыг тайвнаар хүлээж авч чадвал асуудал бүр түр хугацааных байдаг шүү. Тоо болгоны ард дараагийн их тоо нь байдаг шиг, асуудал бүрийн ард амжилт, гэрэл гэгээ байгаа. Хүнд цаг үеийг эергээр харж, хамтдаа давж гаръя аа гэж уриалмаар байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Баярлалаа

Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.