>Д. Ариунбаяр-"АЖЛАА ҮНЭХЭЭР ИХ САНАСАН"
2021 оны 1 сарын 13

Д. Ариунбаяр-"АЖЛАА ҮНЭХЭЭР ИХ САНАСАН"

By: Admin
Таван Богд Хот Пот ХХК-ийн ажилтан, МУИС-ийн 4-р курсийн оюутан Д. Ариунбаяр хөл хорионы дараа буцаад ажилдаа орж буй сэтгэгдлээсээ хуваалцсан ярилцлагыг хүлээн авна уу.

Би 10 жилээсээ л зуны амралтаараа ажил хийж, аль болох зүгээр суудаггүй, хөдөлгөөнтэй  хүүхэд байсан. Оюутан болоод анх “Little Sheep” ресторандаа цагийн ажилтнаар орж, хичээлийнхээ хажуугаар 3 жил ажилласаар одоо үндсэн ажилтан болсон. 

Яагаад үйлчилгээний байгууллагыг сонгон ажиллахаар шийдсэн бэ? 

Анх цагийн ажил хийе гээд хайхад ихэвчлэн барилгын ажлууд л олддог учраас барилга дээр биеийн хүчний ажил хийдэг байсан.  Тиймээс хүнтэй харьцдаг, илүү өөрийгөө хөгжүүлж, дэвших боломжтой ажил хийхээр шийдсэн нь энэ салбарыг сонгох шалтгаан болсон. 

Энэ ажлыг хийхэд хүнд их загнуулдаг гэлцдэг, чиний хувьд загнуулах үе байдаг уу?

Үйлчилгээний газраар олон янзын ааш, араншинтай хүмүүс үйлчлүүлж байдаг. Гэхдээ манай ресторан олон улсын сүлжээ хот пот ресторан болоод ч тэр үү ихэвчлэн боловсон, соёлтой хүмүүс үйлчлүүлдэг. Тиймээс загнуулахаас илүү асуудал үүссэн үед арга эвийг нь олоод сайхан найрсаг үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Манайд ирж үйлчлүүлсэн хүн ая тухтай орчинд, амттай хоол идээд үйлчилгээнд маань сэтгэл хангалуун баярлалаа гэж хэлээд гарах их урамтай учраас байнга хичээж ажилладаг.  

Шантраад ажлаасаа гаръя гэж бодож байсан уу? Тийм үедээ цааш үргэлжлүүлэх урам зориг юунаас авдаг вэ? 

Ажил гэдэг амаргүй учраас шантрах үе гаралгүй яахав. Харин болилоо гэхэд минь хамт олон маань намайг зоригжуулдаг. Яг л дотнын найзууд шиг зөвлөж, хүн бүрд л амьдралын хэцүү үе тулгардгийг сануулж, шантраад хойш суух гэхээр босгоод л ирдэг дээ. Нөгөө талаасаа энэ салбарт ажилласнаар хүн тууштай байх чадварыг суралцдаг нь их гоё санагддаг. 

Өнгөрсөн 2 сарын хугацаанд ажлаа их санасан уу? Юуг нь хамгийн их үгүйлсэн бэ?

Ажил ихтэй үедээ амрах юмсан гэж хүн бүр  бодож явдаг хирнээ яг ажилдаа явахгүй байхаар ажлаа үнэхээр их санадаг юм байна. Хамт олноо хамгийн их санасан. 

Бүтэн 2 сар ажиллаагүй тул орлогогүй байсан уу? Байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр орлоготой байлгаж цалинг огт тасалдуулаагүй. Бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа хааж орлогогүй байсан ч цалингаа тасралтгүй олгосон Таван Богд Хот Пот ХХК-даа талархаж байна. 

Өнөөдөр эргээд хэвийн ажиллаж байгаад нь баяртай байна. Үйлчлүүлэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна? 

Энэ үед бид өөрсдийгөө, хэрэглэгчээ, хамт олноо халдвараас хамгаалах нь хамгийн чухал гэдгийг бүгд ухамсарлаж байгаа. Тиймээс манай бүх ажилтнууд хамгийн түрүүнд PCR шинжилгээнд хамрагдсан. Мэдээж манай "Little Sheep" ресторан нь дэлхийн хамгийн том салбар учраас бүх стандартыг ягштал мөрддөг. Ялангуяа энэ үед ажиллах халдвар хамгааллын тусгай дүрэм, журам гарган ажиллаж байна. Жишээлбэл ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ажилтнуудын ариун цэвэр, халууныг тогтмол хэмжих гээд олон дүрмийг мөрдөн ажиллаж байна.  

Үйлчлүүлэгч та бүхэн харин хүн хоорондын зайгаа барьж халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж, өөрийн эрүүл мэндийн төлөө дүрмээ сахиж ая тухтай үйлчлүүлээрэй.  

Бидэнтэй ярилцаж, сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Ажил болон хичээл, сургуульд тань амжилт хүсье!

alt
alt
alt

Таван Богд Хот Пот ХХК- Little Sheep Hot Pot