English

Мэдээ Мэдээлэл

Д. Хулан: Сэтгэлээсээ хэлсэн баярлалаа гэдэг үг хүний амьдралыг өөрчилж чадна гэдэгт би итгэдэг

..YUM! Brands-ийг үүсгэн байгуулагч Дэвид Новакын бичсэн энэхүү номыг миний бие англи хэл дээр амтархан уншсан бөгөөд уг номоос санаа авч хэрэгжүүлэх зүйл маш олон байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ. Хүний нөөцийн албаны зүгээс уг номыг орчуулан хүргэж байгаад талархахын сацуу дороо нэг ч гэсэн хүн удирддаг хүн бүр уг номыг ширээний ном болгон уншаасай, урамшууллыг энэ номд дурдагдах зарчим ёсоор өдөр тутмын ажил амьдрал дээрээ хэрэглэж нэг өдрийн өмнө ч болтугай ид шидийг нь хүртээсэй гэх хүслийг тээн энэ оршил үгийг бичиж байна.

Бид YUM!-ийн Recognition буюу Урамшуулах, урам хайрлах соёлыг компанидаа, бүр цаашлаад групп компаниуддаа түгээн дэлгэрүүлэхийн тулд энэхүү ном маш чухал үүрэгтэй. Удирдлага хүн ажилтнуудаа яавал идэвхжүүлж, яавал илүү бүтээмж гаргах бол гэдэг талаар үргэлж бодож явдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Өнөөдөр удирдах, манлайлах чиглэлээр маш олон онол, зөвлөмж байдаг ч тэдгээрийг харвал нэг л зүйл дээр санал нийлдэг. Энэ нь сайн гүйцэтгэлийг урамшуулах нь эрт дээр үед ч, орчин цагт ч удирдлагын хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг гэдэг зөвлөмж юм.

Та энэ долоо хоногт, үгүй ядаж энэ сард нэг ч гэсэн сайн гүйцэтгэлийг олж харсан уу?, нэг ч гэсэн ажилтнаа урамшуулж урамшууллын карт өгсөн үү? Менежер хүний гол үүрэг ажилтнуудынхаа сайн гүйцэтгэлийг олж харах, тэднийг урамшуулах гэж боддог уу? Компанийн Гүйцэтгэх захирлын хувьд зөвхөн миний бие бүгдийг урамшуулж, урмын үг хайрласнаар огцом амжилтанд бид хүрэхгүй билээ. Надад сайн гүйцэтгэлийг олж хардаг, хүмүүсийг урамшуулж, урмын үг хайралдаг бүхэл бүтэн баг байвал бид хамтын хүчээр оргил өөд тэмүүлэхэд богино хугацаанд групптээ, компанидаа амжилтыг авчирч чадна...

Өдөр бүр хэн нэгэнд урам өгч, тэдний амьдралыг баяр баяслаар дүүргэн, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж тэдэнд өшөө илүүг хийх сэдэл төрүүлээрэй. Та тун удахгүй үр шимийг нь хүртээд урамшуулал, урам гэдэг зүйлгүйгээр амьдралаа, ажлаа төсөөлж чадахгүй болох вий. Би та бүхнийг энэхүү гайхалтай соёлыг надтай хамтдаа баг болж чин сэтгэлээсээ хэрэгжүүлж чадна гэдэгт 100% итгэлтэй байна. Хэрэгжүүлэхэд миний зөвлөгөө хэрэгтэй болбол надаас, ХН албанаас хэзээд асуухад нээлттэй гэдгийг энэ дашрамд дурдмаар байна.

Сэтгэлээсээ хэлсэн баярлалаа гэдэг үг хүний амьдралыг өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. Та ч бас итгээрэй.