Мэдээлэл

Онцлох ажилтан ярилцлага-Таван Богд Группийн эмч Б. Бат-Эрдэнэ

Онцлох ажилтан ярилцлага-Таван Богд Группийн эмч Б. Бат-Эрдэнэ

Байгууллагын үнэт зүйл нь ажилтан, Ажилтны үнэт зүйл нь ЭРҮҮЛ МЭНД юм

 Таван Богд Группийн Эмч

Б. Бат-Эрдэнэ

“Онцлох ажилтан” ярилцлагын шинэхэн дугаарын зочноор Таван Богд Группийн эмч Б. Бат-Эрдэнэ оролцож ажлынхаа сонирхолтой туршлагаасаа хуваалцаж, эрүүл мэндийн үнэтэй зөвлөгөөг бидэнд өглөө.

Та бидэнд өөрийнхөө талаар  товч танилцуулна уу?

Сайн байцгаана уу?  Энэ нийтлэлийг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2014 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн. Одоо Анагаах ухааны магистраар сурч байгаа ба энэ намар эрдмийн зэргээ хамгаалах төлөвлөгөөтэй байна. Миний хувьд ажлын гараагаа БГД-н өрхийн эмнэлгээс эхлүүлсэн ба Монголын эрүүл мэндийн салбарын 1 болон 2-р шатлалын эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. Харин Таван Богд Группдээ эмчээр ажиллаж эхлээд яг 1 жил болж байна.

Таны ажлын онцлог юу вэ?

Миний ажил мэдээж бусад хүмүүсийн ажлаас их онцлогтой. Нэгдүгээрт, Таван Богд Группийн хамгийн анхны эмчээр ажиллаж байна. Таван Богд Группийн удирдлага, хүний нөөцийн зүгээс ажилтан нэг бүрийнхээ эрүүл мэндийг эрхэмлэн, анхаарал хандуулж ямар нэгэн асуудал гарахад туслах, урьдчилан сэргийлэх зорилгоор группийн эмчийн ажлын байр бий болгосон. Байгууллагын үнэт зүйл нь ажилтан, Ажилтны үнэт зүйл нь ЭРҮҮЛ МЭНД юм.

Та эмчээр ажиллаж эхлээд ямар ямар ажлыг хийж, хэрэгжүүлсэн бэ?

Миний хувьд хийж буй гол ажлуудын нэг нь УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ. Монголын эрүүл мэндийн салбарын нэг онцлог нь өвчтөн маань өвдсөнийхөө дараа л эмнэлэгт ханддаг ойлголттой байдаг. Жишээлбэл Монгол улс “элэгний хавдар”, “ходоодны хавдар” гэх мэт өвчний нас баралтийн тоогоороо дэлхийн хэмжээнд тэргүүлэх байранд ордог. Тиймээс группийн эмчийн зүгээс ажилтнуудынхаа эрүүл мэндийг сахин, хамгаалахын тулд ажилтан бүрийн ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ-д хувь нэмэр оруулахыг зорьдог. Урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний нөөцийн алба, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл ахуйн багийн хамт олонтойгоо хамтран эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Мөн сар бүр тодорхой эрхтэн системийн өвчний аяныг явуулдаг. Тухайлбал 4 болон 5-р сард “Хүзүү, нурууны суултын эмчилгээ”-ий аян зохион байгуулж, одоогийн байдлаар 54 хүн тус аянд хамрагдсан. Мөн 2019 онд хүзүү нурууны физик эмчилгээг хийхдээ “Улаанбаатар” сувиллын уламжлалтын эмчтэй хамтран тус сувилалд 61 хүн эмчилгээнд хамрагдсан. Таван Богд Группийн удирдлагуудын дэмжлэгээр “Миг даатгал”-тай хамтран ажилтан бүрийг “Дотоодын Эрүүл Мэндийн Даатгал”-д хамруулсанд ажилтнууд талархалтай байгаа.

Даатгалын үр өгөөжийн талаар та сонирхуулна уу.

Тус даатгалаар ажилтан 1 жилд 10 сая хүртэлх төгрөгийн хамгаалалттайгаар дотоодын бүх эмнэлгүүдээс эрүүл мэндийн үйлчилгээ авах, оношилгоо, эмчилгээ хийлгэх, гэнэтийн осол болон  хөдөлмөрийн чадвар алдсан үед нөхөн олговор авах гэх тохиолдлуудад гарах  эрсдэлээс хамгаалах боломжтой болсон. Даатгалаа ашиглаад 2020 оны 1-р улиралд 65 хүн, нийт 27 сая төгрөгийн нөхөн олговор авч, 388 ажилтан томуугийн эсрэг вакцинд хамрагдсан. 2020 оны 6 сараас эхлээд дотоодын эрүүл мэндийн даатгалаа ашиглаад “Эрүүл Мэндийн Урьдчилан Сэргийлэх Үзлэг”-т нийт 6 төрлийн багцаар 1011 ажилтан хамрагдаж байна.  Тус даатгалын хамгийн гол давуу тал бол урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороод ямар нэгэн өвчин илэрсэн тохиолдолд ажилтан маань эрүүл мэндийн даатгалаа ашиглаад үргэлжлүүлэн тусламж, үйлчилгээ аван эмчлүүлэх боломжтой юм.

Өдөрт хэдэн хүн эмчид хандан, эрүүл мэндийн үзлэг хийлгэдэг вэ?

Өдөрт хамгийн багадаа 15 хүн ирж үзүүлдэг ба дийлэнх тохиолдолд “артерийн даралт ихсэлт” байдаг. Энэ нь Монгол улсад түгээмэл тохиолддог, зүрх судас болон артерийн даралт ихсэх өвчин юм. Артерийн даралт ихэссэнээр биеийн байдал хямрах, хүндрэл өгөх гэх мэт асуудлууд илэрдэг.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн давуу тал их гэдгийг баталсан нэг жишээ хэлж өгнө үү.

2019 онд  урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг болон группийн эмчийн үзлэгээр хорт хавдрын 2 тохиолдол,  эрт үедээ илэрсэн. “Ходоодны хорт хавдар” болон “улаан хоолойн хорт хавдар” тохиолдлуудыг эрт илрүүлснээр тухайн хүмүүст яаралтай дараагийн шатны тусламжийг үзүүлж, Хавдар судлалын үндэсний төврүү шилжүүлэн, хагалгаанд оруулснаар ХАВДАР ГЭДЭГ ӨВЧНИЙГ ЯЛАН ДИЙЛЖ ЧАДСАН. Мөн 2020 онд элэгний хорт хавдрыг илрүүлэн дараагийн шатлалруу шилжүүлчихсэн эмчилгээ хийгдэж байна.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө ажил дээрээ ирээд цагаа уншуулж байхад л 1-2 хүн эмчийн өрөө рүү хамт ордог. Ихэвчлэн артерийн даралт ихсэлттэй хүмүүс  даралтаа хянуулах, тодорхой хэмжээний зовиур илэрсэн хүмүүс амбулаторийн үйлчилгээ авдаг. Манайх эмэгтэйчүүд ихтэй учраас жирэмсэн эмэгтэйчүүд төрөл бүрийн зөвлөгөө, үзлэг хийлгэх гэж ханддаг.

Тогтмол хийдэг ажлуудын хувьд Группийн эрүүл мэндийн бодлого гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх нь чухал. Сар бүр эрүүл мэндийн аян зохион байгуулдаг. Тухайлбал 8 сард элэг цөс, нойр булчирхай гэх мэт дотрын өвчнөө эмчлэх сар болгон зарлахын хамт эмнэлгүүдтэй хамтран элэгний B, C вирусийн эрт илрүүлэлт болон вакцинжуулалт хийнэ.

Түүнчлэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын ажилтнуудтайгаа хамтран салбар, компани бүрд эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг илрүүлж, арга хэмжээ авдаг. Физик эмчилгээний ор байдаг тул үдээс хойш хүзүү нурууны эмчилгээ хийлгэх хүмүүс их байдаг.

Яг одоогийн байдлаар “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх” үзлэгээр өдөр бүр 35 хүн “Sun Medical Center in UB” эмнэлгийн үзлэгт орж байгаа тул үүнд 100% хяналт тавьж ажиллаж байна.

Хамгийн анх Таван Богд Групп-д ажиллаж эхлэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Би “ХАРИУЦЛАГА” ойлголтыг өөр түвшинд хардаг болсон. Манай группийн хувьд хурд, зөв төлөвлөлт чухал бөгөөд ажилтнууд хариуцлагаа 100% ухамсарладаг. Энэ шаргуу, хурдтай, хариуцлагатай байдал нь орж ирсэн эхний өдрөөс эхлээд мэдрэгдэж байсан ба одоог хүртэл энэ мэдрэмж огт буураагүй байна.

Миний бодлоор Таван Богд Группийн бусдаас ялгарах ялгарал нь төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт гэдэг 3 зүйлийг цогц утгаар нь хэрэгжүүлдэгт байдаг. 

Та хамт олныхоо талаар өөрийн сэтгэгдлээ хэлээч?

Манай хамт олон үнэхээр найрсаг, хүнд их тусархуу хүмүүс. Таван Богд Групп эмнэлгийн чиглэлийн байгууллага биш ч миний мэргэжлийн ажлаас бусад бүх үйл ажиллагаанд хамт олон маань маш сайхан тусалж, дэмждэг. Группийн захирал, менежер, ажилтнууд гээд бүгд бүх зүйл дээр сэтгэлээрээ тусалж явдагт маш их баярладаг. Миний энд ажилладаг №1 шалтгаан бол мэдээж хамт олон маань юм. 

Ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан сонирхолтой дурсамжуудаасаа хуваалцаач?

Би Таван Богд Группийн бүх ажилтнуудтай харилцаж ажилладаг учраас сонирхолтой, гоё дурсамжууд надад маш их байгаа. Жишээлбэл би анх ажилд ороход манай өрөөг эмчийн өрөө болгож засвар хийж байсан тул эхний 7 хоног өрөөгүй байсан. Би чинь дандаа эмчээр ажиллаж байсан хүн учраас оффис дотор хүмүүстэй хамт нөүтбүүкний ард ширээн дээр сууж огт үзээгүй болохоор энэ олон хүмүүсийн хажууд хүн үзэх юм байхдаа гэдэг хөгжилтэй зүйл бодогдож байсан. Гэхдээ тэр үедээ бүтэн жил юу хийх вэ? гэдэг төлөвлөгөөгөө гаргаж чадсан юм. Тухайн үед л анх удаа оффис дотор хүмүүстэй хамт сууж үзээд, хамт олонтойгоо нээлттэй харилцаж илүү сайхан дотносож чадсан. Магадгүй шууд л эмчийн өрөөндөө орсон бол оффисын өрөөнд хүмүүстэй хамт ажиллаж үзэх боломж олдохгүй байсан байх.

Таны ажлын болон мэргэжлийн зорилго юу вэ?

Миний мэргэжлийн зорилго Таван Богд Групп-т эмчээр ажиллаж буй зорилготой маань маш сайн нийцдэг. Энэ нь ард түмний эрүүл мэндийн боловсролын төвшинг дээшлүүлэх зорилго юм. Тиймээс би өглөө бүр ажилдаа аз жаргалтай байдаг. Миний хувьд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэлт сайжраад өвчлөл буурч чадвал зорилгын маань үр дүн гэж ойлгодог. Таван Богд Группийнхээ нийт ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгож чадвал цаашлаад 3 сая хүнд хүрч чадна.

Энэхүү нийтлэлийг уншиж буй хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө?

Хүн хоол идэхээсээ өмнө ус уудаггүй харин хоолоо идчихээд араас нь ус уудаг. Яг түүнтэй адилхан бид нар өвдчихөөд үзүүлэх ёсгүй. Энэ бол хамгийн буруу зүйл юм. Мөн эмч хүн бол өвдсөн хүнийг эмчлэх үүрэгтэй ч хамгийн чухал үүрэг нь таныг өвдөхөөс урьдчилан сэргийлэх байдаг. ИРГЭН БҮР ЭРҮҮЛ БАЙХ ҮҮРЭГТЭЙ.  Энэ бол эрх биш үүрэг гэж хэлмээр байна. Энгийнээр хэлэхэд ямар нэгэн хорт зуршилгүй, эрүүл зөв хооллож, амьдралын идэвхтэй байх хэв маягийг баримтлах нь таны үндсэн үүрэг юм.

"Хүний хамгийн чухал хэрэгцээ бол ЭРҮҮЛ амьдрах, Та эрүүл байж чадвал хүссэн зорилгодоо хүрч чадна".

Хүн эрүүл байхад хамгийн их нөлөөлдөг зүйл бол нойртой 100% хамааралтай байдаг. Сайн амарч, унтвал маргааш нь ажиллах гол энергиэ нойрноосоо авч чадна. Та өдөрт хамгийн багадаа 6 цаг бүтэн нойрсож амрах хэрэгтэй. Орой 22:00 цагт унтаад өглөө 6:00-7:00 цагт сэрснээр таны эрүүл байх гол хүчин зүйл болно. Дараагийн нэг зөвлөгөө бол та өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Өглөөний цайгаа тогтмол ууснаар маш олон өвчнөөс, ялангуяа “Цөс өтгөрөх” гэдэг өвчнөөс сэргийлэх боломжтой.

“Онцлох ажилтан” ярилцлагад өөрийн ажлын туршлагаасаа нээлттэй хуваалцаж бидэнд эрүүл мэндийн зөвлөгөөг харамгүй хайрласан Б. Бат-эрдэнэ эмчдээ нийт уншигчид болон Таван Богд Группийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.