Мэдээлэл

Онцлох ажилтан ярилцлага- “Говь ” ХК-ийн Угаах машин баригч Б. Галбадрах

Онцлох ажилтан ярилцлага- “Говь ” ХК-ийн Угаах машин баригч Б. Галбадрах

 Говь ” ХК-ийн Угаах машин баригч Б. Галбадрах

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын Гавьяат

 

Таван Богд Группийн “Онцлох ажилтан” ярилцлагын энэ дугаарын зочноор “Говь” ХК-д 41-дэх жилдээ ажиллаж буй Б. Галбадрах ах маань оролцож, бидэнд олон жилийн дурсамж, туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын Гавьяат-р шагнуулсан билээ.

Та бидэнд өөрийнхөө талаар  товч танилцуулаач?

Ах нь 1951 онд төрсөн, эхнэр гурван хүүхэдтэй. Сургуулиа төгсөөд хамгийн анх Төмрийн завод-д 10 жил “Токерчин” хийж байлаа. 1979 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тэргүүний ажилтнуудыг нь сонгон шалгаруулан Говь ХК-д ажиллах санал тавьж байсан юм. Тэр үеэс л миний амьдрал Говь ХК-тэй салшгүй холбоотой болж өнөөдөр 41-дэх жилдээ ажиллаж байна.

Таны ажлын онцлог юу вэ?

Говь ХК-ийн эцсийн ноолууран бүтээгдэхүүн гарах хүртэл маш олон үе шат, процесс явагддаг. Миний ажлын хувьд тэдгээр процессын хоёр дахь үе шат буюу ангилан ялгасны дараа “угаах” дамжлага дээр ажилладаг. Ялгасан ноолуурыг угаах машинаар дамжуулан цэвэрлэж, бохирдолгүй болгох гол үүргийг гүйцэтгэдэг. Энэ ажлыг хийхийн тулд зориулалтын тоног төхөөрөмж буюу угаах машиныг маш сайн ажиллуулж чаддаг байх хэрэгтэй.  Миний хувьд ЗӨӨЛӨН АЛТ гэгдэх ноолуурыг угааж, цэвэрлэн хэрэглэгчдийн гарт очиход хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.

Ажиллах хугацаанд бүтээсэн хамгийн гоё дурсамжууд тань юу вэ? Сонирхолтой түүхүүдээсээ хуваалцвал?

Хамгийн анх Говь ХК-д ороход нийтдээ “Анхны 30” хүн Япон улс руу явж 2 сарын коллежийн сургалтанд сууж байсан юм. Японд текник, технологиуд дээрээ хэрхэн ажиллах талаар суралцахын хамт ноолуурын үйлдвэр, мөн үйлдвэрийн эд ангийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй  танилцсан.
Япон явахын өмнө хялгас ялгах машины засварчнаар ажиллаж байтал дарга маань ирээд угаах машины сургалтад явах хүн хэрэгтэй байна гэдэг юм байна. Хялгас ялгах машин дээр ажиллана гээд сэтгэл шулуудчихсан байсан тул манай хэдээс дуугарч байгаа хүн ч алга. Тэгэхээр нь би “Угаах машин” дээр ажилласан ч яахав дээ гэж бодоод “за би явъя аа” гэж билээ. Ингээд л зарим нь инженер, цахилгаанчнаар харин би угаах машины засварчны мэргэжлийн сургалтад суралцахаар Futaba угаах машины үйлдвэр рүү салж явсан даа. Суралцах хугацаанд хэлний болон соёлын ялгаанаас болоод зөндөө л хүндхэн, хөгтэй явдлууд тохиолдож байсан даа.

1979 онд Японд очиход аль хэдийн автоматаар онгойдог шилэн хаалга хэрэглээд эхэлчихсэн байж билээ. Бид тэрийг нь мэдэлгүй шилэн хаалгыг нь очиж мөргөж байснаа одоо ч санадаг юм.

41 жил  Говь ХК-тай амьдралаа холбон,  ажиллахад тань юу нөлөөлсөн бэ?

Говь ХК маань жил ирэх тусам л нүдэн дээр өсөн дэвшиж, урагшилсаар, хамгийн орчин үеийн гэсэн шинэ тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн байнга  шинэчлэлтүүд хийгдэж, сайжирч байдаг.

Мөн ажилтан нэг бүрийг анхаарч, тасралтгүй хөгжүүлэхийг эрмэлзэж, сургалт байнга хийгддэг.  2000 илүү ажилтантай учраас бүх зүйл өндөр зохион байгуулалттай явагдаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтуудыг ч бас чухалчлан үздэг. Мөн дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол намайг ажиллаж байсан хугацаанд ажилтнууддаа цалингаа үргэлж цагт нь олгодог явдал юм. Энэ жижиг зүйл мэт боловч маш чухал зүйл.  Хамт олон маань ч маш сайхан нээлттэй, хоорондоо найрсаг, хүндлэлтэй хамтран ажилладагт талархаж явдаг.

Хамгийн гол нь байгууллага маань намайг ажлаа хийж чаддаг болтол нь мэргэшүүлээд, сургаад авч байсан шүү дээ.  Олон зүйлрүү үсчилгүй мэргэшсэн ажлаа хэнээс ч илүү төгс хийгээд ажиллах нь өөрөө гайхамшигтай чанар юм.  “Хүн хийж чаддаг зүйлээ олоод ТУУШТАЙ байхад л амжилт өөрөө ирдэггэж боддог.

 “Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын Гавьяат” гэсэн эрхэм хүндтэй шагнал аваад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

 Японоос ирээд хийсэн анхны ажил маань үйлдвэрийн дээвэр дээр агааржуулалтын монтаж хийх байсан санагдана. Энэ үеэс өдөр хоногууд өнгөрсөөр нэг л мэдэхэд Говьдоо ажиллаад 41 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Улс маань ч энэ их хөдөлмөрийг маань үнэлж 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын Гавьяат -цолоор шагнасан юм. Уул нь байгууллага маань анх 2006 онд гавьяатаар тодорхойлж байсан юм билээ. Говь ХК-аас төрөн гарсан 5 дахь гавьяат болсноороо би их л баярлаж явдаг даа.

Говь ХК-ийн  ирээдүйн талаар та юу гэж боддог вэ?

Говийн үйлдвэрээс гарсан эцсийн бүтээгдэхүүн дээрх шошгыг харахад их л гоё, урамтай байдаг. Надаас гадна маш олон хүмүүсийн хүч, хөдөлмөр зарцуулан, Монгол улсаараа овоглосон  бүтээгдэхүүн ингээд гадаадын улс орнуудад худалдаалагдаж байна гэж бодохоор л үнэхээр бахархалтай, сайхан санагддаг шүү. Говь брэнд дэлхийн олон улс, орнуудад худалдаалагдаж дэлхийн ноолуурын салбартаа тэргүүлж, дэлхийд танигдсан монгол ноолуурын брэнд болж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Анхны алхмуудаа ч амжилттай хийж, олон улс оронд дэлгүүрээ нээхээс гадна онлайнаар худалдаалж эхэлсэнд ГОВЬ-ийн ажилтан бүр баяртай байгаа. Өөрсдөөрөө, хамт олноороо бахархаж байна.

“Онцлох ажилтан” ярилцлагад өөрийн дурсамж, түүхээсээ бидэнтэй хуваалцсан Говь компанийн Тав дахь Гавьяат, Б.Галбадрах танд нийт уншигчид болон Таван Богд Группийн хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.