Мэдээлэл

СЭТГЭЛ ШИГ ЦАГААН ГУРИЛАА ХҮМҮҮСТ ТҮГЭЭХ ХАМГИЙН САЙХАН

СЭТГЭЛ ШИГ ЦАГААН ГУРИЛАА ХҮМҮҮСТ ТҮГЭЭХ ХАМГИЙН САЙХАН

“Таван Богд Групп”-ийн 2019-н оны “Тэргүүний ажилтан” Б. Ялалтбаяр

Энэ удаагийн ярилцлагын зочноор Улаанбаатар Гурил ХХК-д ачигчаар ажиллаж буй Б.Ялалтбаяр оролцлоо. Тэрээр Улаанбаатар Гурил ХХК-д тасралтгүй 10 жил ажилласан ба 2019 оны Таван Богд Группийн тэргүүний ажилтнаар шалгарсан юм.

Таны ажлын онцлог юу вэ?

Миний ажлын хувьд Дарханы үйлдвэрээс вагоноор ирсэн гурилаа агуулахдаа буулгах, өндөрлөх, түгээлтийн машинуудад падааны дагуу ачилт хийх гэсэн ажлуудыг голчлон хийдэг. Гол онцлог нь хөдөлгөөн шаарддаг ажил гэж боддог. Ер нь хүн хөдлөөд л байвал гоё шүү дээ. Эмнэлгээр явахад хүртэл өвчин байдаггүй бүр цоо эрүүл, чийрэг байдаг.

Ачигч хийхэд тодорхой хэмжээний ур чадвар, туршлага, аюулгүй ажиллагаа  шаардагддаг учраас бид нар компаниас зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаж өөрсдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлдэг. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр бусад ижил төстэй газруудыг бодвол илүү их анхаардаг тул бид маш сайн дагаж мөрддөг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Миний ажлын нэг өдөр их гоё, сонирхолтой өнгөрдөг шүү. Өглөө бүр дүрэмт хувцсаа өмсөөд, өглөөний хурлаа хийн, Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа аван гарын үсэг зураад, ажлаа эхлүүлдэг.

Манай хамт олны ихэнх нь шижигнэсэн сайхан залуучууд байдаг болохоор өдөр маш хурдан өнгөрдөг. Жишээлбэл вагон ирэх үед залуучуудтайгаа уралдаж гурилаа зөөнө гээд л сонирхолтой, хөгжилтэй зүйлс их болдог. Манай ачигчид өдөрт 600 тн гурил ачиж буулгадаг. Ингээд бодохоор үнэхээр ажилсаг, мундаг чадалтай залуус байгаа биз?

Ер нь хамт олны уур амьсгал их гоё байдаг тул ажлаасаа кайф авдаг.  Өглөө орж ирэхдээ бүгдээрээ гоё инээлдэнэ, орой тарахдаа ч бас сайхан инээлдэцгээгээд л гардаг. Тийм болохоор ажлаа хийхэд ядрах зүйл огт байдаггүй. Хамгийн гоё нь манай хамт олон нэг нэгэндээ их дэмтэй, нийтэч, хөгжилтэй, энгийн хүмүүс байдаг аа.

Бид ингэж гоё хамт олон болж чадсан учраас манай ачигчид их вагонтой үед өөрсдийн санаачилгаараа үүрээр 04:00 цагт хүртэл ирж вагоноо буулгах тохиолдол байна шүү дээ. Тэгээд л бидэнд чинь манайхнаас урмын, талархлын үг ирж өгнө дөө. Ёстой бахархмаар.

Улаанбаатар Гурил ХХК-ийн бусад компаниудаас ялгарах онцлог таны бодлоор юу вэ?

Манайхан хүн бүхэнтэй Сайн байна уу? гээд мэндчилдэг  нийтэч хүмүүс байдаг.  Мөн бүх зүйл нь цэвэрхэн, цэгцтэй байхаас гадна бидний өмсөж буй дүрэмт хувцас үргэлж бүрэн бүтэн, цэвэр байдаг.

Манай компани чинь Монгол улсын №1 гурилын үйлдвэр, тэгэхээр №1 гурилын үйлдвэрт ажиллаж байгаа ачигч чинь бас л №1 байхгүй бол болохгүй шүү дээ тээ /инээв/.

Бид бас өөрсдөө өөрсдийнхөө рекордыг эвдэнэ, шинэ рекорд тогтооно гээд л хичээж ажилладаг. Энэ бүхэнд миний зүгээс өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Үнэхээр сайн ч гурил сайхан ч хамт олон.

Миний хувьд СЭТГЭЛ ШИГ ЦАГААН ГУРИЛАА ХҮМҮҮСТ ТҮГЭЭХ ХАМГИЙН САЙХАН санагддаг.

Та ажлын гараагаа эхэлж буй хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?

Магадгүй анх ажлаа хийж эхлэхэд ядрах, шантрах үе гардаг байх. Миний хувьд тиймэрхүү зүйл огт мэдрэгддэггүй. Бидэнтэй хамт нэг сар ажиллахад л хамт олонтойгоо уусаад инээлдэж, хөхрөлдөөд л харин ч ядрахаасаа илүү ажлаасаа гоё энерги авдаг болчихдог. Залуучууд маань нэг газар үр өгөөжтэй, тогтвор суурьшилтай ажиллаж хамт олонтой, ажилтай төрөлтэй байхын гоё сайхныг мэдрээсэй гэж боддог.

Ярилцлагын сүүлийн хэсгийг танд үлдээе

Миний хувьд байгууллагадаа, хамт олондоо баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Учир нь манай байгууллагын удирдлагууд, хамт олон маань ямар ч цаг үед бидэнд сэтгэлийн дэм өгч, урамтай сайхан үгсийг харамгүй хэлдэг. Тиймээс миний хувьд Улаанбаатар Гурил ХХК-даа ажиллахдаа үргэлж баяртай байдаг шүү та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэхүү ярилцлагаар илэрхийлж байна.

Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.