Мэдээлэл

Б.АРИУНАА: АНУ-Д ОНЛАЙН БОРЛУУЛАЛТ ХИЙХ АЛБАН ЁСНЫ КОМПАНИА БАЙГУУЛЖ БАЙГАА АНХНЫ БРЭНД “ГОВЬ” БОЛЛОО

Б.АРИУНАА: АНУ-Д ОНЛАЙН БОРЛУУЛАЛТ ХИЙХ АЛБАН ЁСНЫ КОМПАНИА БАЙГУУЛЖ БАЙГАА АНХНЫ БРЭНД “ГОВЬ” БОЛЛОО

“Говь” ХК-ийн албан ёсны салбар дэлгүүр есдүгээр сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотноо нээгдэх гэж байна. Тус компанийн Гадаад худалдаа /Америк, Ази/ хариуцсан захирал Б.Ариунаатай ярилцсан юм.

“Говь” ХК тун удахгүй АНУ-ын Лос Анжелес хотноо салбар дэлгүүрээ нээх гэж байна. Монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд, тэр дундаа Америкийн зах зээлд өмнө нь тодорхой хэмжээгээр гардаг байсан. Шинэ нээгдэх компанийн үйл ажиллагааны онцлог нь юу юм бэ?

-Өмнө нь, одоо ч  тэр “Говь компани АНУ-д бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Гэхдээ франчайзинг хэлбэрээр борлуулалтаа хийдэг байсан. Харин одоо “Говь” брэндийн албан ёсны салбар компани есдүгээр сарын 16-нд Лос Анжелест нээлтээ хийх гэж байна. Энэ компани онлайн худалдаагаар Өмнөд, Хойд Америкт “Говь”-ийн бүтээгдэхүүнийг хүргэж ажиллах юм. Дэлхийн зах зээлийн хандлага нь онлайн худалдаанд чиглэж байгаа болохоор салбар компанийн үйл ажиллагаа эхний ээлжинд 100 хувь ийм байна.

Тэгэхээр АНУ-ын хэрэглэгчид аль ч мужид байсан “Говь”-ийн ноолууран бүтээгдэхүүнийг онлайнаар захиалаад хүргүүлээд авна гэсэн үг үү?

-Цаг хугацаа хамгийн үнэт зүйл болсон өнөөгийн нөхцөлд онлайн худалдаа дэлхий даяар маш хурдацтай хөгжиж байна. Нэгэнт онлайн худалдаанаас худалдан авалт хийх боломж нь байсаар байтал хэн ч дэлгүүр явж цагаа үрэхийг хүсэхгүй шүү дээ. Ялангуяа Америк шиг 51 муж улстай, том газар нутагтай улсад онлайн худалдаа болон тээвэр хүргэлтийн үйлчилгээ бол дээд цэгтээ хүртэл хөгжчихсөн. Хэрэглэгч ямар хугацаанд бүтээгдэхүүнээ гар дээрээ авмаар байгаагаас шалтгаалаад өөр төлбөр төлөх гэх мэтээр бүх зохицуулалт нь амархан болчихсон.  Бид онлайн худалдааны эдгээр дэвшилтэт үйлчилгээнүүдийг дээд зэргээр ашиглан борлуулалтаа хийнэ.  “Говь” ХК-ийн бүтээгдэхүүнийг АНУ-ын бүх мужид 24 цагийн дотор хүргэж өгнө гэсэн үг. 

Онлайн худалдаа бол хязгааргүй зах зээл. Борлуулалтын хэмжээ хэр өсөхөөр тооцоолж байгаа вэ?

-Манай компаниАНУ-ын зах зээлд нэг жилийн хугацаанд онлайн худалдаагаар дамжуулж нэг сая ширхэг бүтээгдэхүүн борлуулах том зорилт тавьсан. Өмнө нь Америк борлуулсан бүтээгдэхүүний тоо харьцангуй бага. Америк бол манай гол том зах биш байсан. Манай гол зах зээл бол Европ, Ази хоёр байлаа. Тэгэхээр бид одоо есдүгээр сараас эхлэн  идэвхтэй хөгжүүлснээр зорилтоо биелүүлэх боломж бий гэж харж, хичээж байна.

 

Америк шиг халуун газар ноолууран бүтээгдэхүүн зарагдах уу гэсэн хандлага байсан?

оолуур гэхээр л өвөл өмсдөг зузаан цамц малгай ороолтууд төсөөлөгддөг. Энэ бол хуучирсан, уламжлалт ойлголт л доо. Ер нь нэг сүүлийн 10 жилийн дотор ноолуурын хэрэглээ, дэлхий нийтийн чиг хандлага маш их өөрчлөгдөж байгаа. Хуучин цагт хүмүүс ноолуур гэхээр үнэтэй, 45 наснаас дээш хүмүүс хэрэглэдэг, эсвэл нэлээд боломжийн орлоготой хүмүүс худалдаж авдаг гэж ойлгодог байсан бол одооfast fashion брэндүүдээс авахуулаад тансаг, дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүд бүгд ноолууран бүтээгдэхүүнийг коллекцдоо тодорхой хэмжээнд оруулж борлуулдаг болсон. Энэ нь ч нийт хэрэглэгчдийн дунд ноолууран бүтээгдэхүүний ойлголтыг өөр болгоход түлхэц болж байгаа.  Хөгжлөө дагаад ноолууран бүтээгдэхүүн уламжлалт зузаан цамцаар хязгаарлагдахгүй болсон. Өнөөдөр зун ч өмсөх боломжтой нимгэн торгон ноолуур, зөвхөн сүлжмэл цамц биш, нэхмэл оруулга бүхий нарийн алчуурнууд. Зөвхөн ноолууран хамгийн нарийн утсаар хийсэн оёмол хослол, костюм пиджакаас, пальто гээд өдөр тутмын хэрэглээнээс тансаг хэрэглээ хүртэл ямар ч үед өмсөж болох хэмжээнд хүртэл сонголт нь маш өргөн хүрээтэй болсон. Ямар ч насны хүн ямар ч улиралд, ямар ч нөхцөлд ноолууран бүтээгдэхүүн өмсөх боломжтой болчихсон шүү дээ.

Америкийн зах зээлд ямар бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхох бол. Худалдан авагчдынхаа зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлсон бэ?

-Америк, Европын хэрэглээг харахаар сүлжмэл бүтээгдэхүүнийг түлхүү сонирхдог. Сүлжмэл цамцнууд, аксессиор, шааль гэх мэт. Мөн “Говь” ХК 100 хувь ноолууран оёмол пальтогоор дэлхийд номер нэг үйлдвэрлэгч болохоор зорьж байна. Пальто гэхээр хүмүүс уламжлалт хүнд, ноосон классик загварын пальто гэж ойлгодог бол ноолууран пальто маань ноосон пальтотой харьцуулахад 2-3 дахин, тэрнээс ч илүү хөнгөхөн жинтэй. Тэгсэн мөртлөө маш дулаан чанартай. Нүцгэн бие дээрээ өмссөн ч хүнийг хатгахгүй, зөөлхөн таатай мэдрэмжийг төрүүлдэг. Америкийн зах зээлд өрсөлдөх цамцнууд дээрээс нь 100 хувь ноолууран пальтог түлхүү борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Ноолуур өөрөө уян хатанч чанартай учраас UNISEX, FREE size хувцасны сонголт өргөн байдаг. Ямар ч галбиртай хүнд зохицох, биед эвтэйхэн байх бүтээгдэхүүнийг бид санал болгоно.

АНУ бол дэлхийн номер нэг зах зээл. Үнэтэйгээс авахуулаад жижигхэн брэндүүд хүртэл энэ зах зээлд гарахыг тэмүүлдэг.  Яагаад бид энэ зах зээлийг боломжтой гэж хараад байна вэ гэхээрАмерикийн ноолуурын зах зээлийг харахаар нэг бол Италийн маш өндөр үнэтэй брэндүүдийн бүтээгдэхүүн байдаг. Эсвэл бүр хямдхан үнээр олон тоогоор нь борлуулдаг ноолууран бүтээгдэхүүн л байдаг. Дундаж орлоготой ч чанартай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хүмүүст зориулсан ноолуурын брэнд дэлгүүр байхгүй байгаа нь судалгаагаар ажиглагдаж байсан. Бидний гол зах зээл бол тэр. Бид өндөр чанартай, ховор түүхий эдийг гар аргаар самнаж авсан дээд зэрэглэлийн, тансагт тооцогцдох 100 хувь ноолууран бүтээгдэхүүнийг энэ дундаж орлоготой бүлэгт санал болгохоор тооцоолж байна.

Мэдээж энэ том зах зээлдзагвар дизайны тал дээр онцгой анхаарах шаардлагатай байх?

-Манай үндсэн загвар дизайны монгол баг ажилладаг. Гэхдээ бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлж алхах тэднээс суралцах зорилгоор коллекцүүд дээрээ тодорхой хугацаатай гэрээнүүд хийж Итали, Герман, Испанийн загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилладаг. Тэднээс суралцаад явдаг. Дэлхийн тэргүүлэх загварын чиг хандлагыг тодорхойлдог Италид болдог үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Тэндээс дараагийн коллекцийн өнгө болон загварын чиг хандлагыг судалдаг. Дээрээс нь бид 60 гаруй франчайзингийндэлгүүртэй. Тэнд зарагдаж байгаа бусад брэндийн бүтээгдэхүүнээс суралцах, санаа оноо солилцох  олон ажил явагддаг. 

Дэлхийн зах зээлд онлайн худалдааг ийм өргөн хүрээнд хийхээр болсон анхны компани “Говь” болж байна уу?

-Тийм ээ. Бидний судалснаар өөр монгол компани байхгүй. Бид компани байгуулах ажлаараа Монголоос Америкт салбар байгуулсан компани байвал туршлага солилцох үүднээс судалж үзсэн л дээ. Албан ёсоор компаниа байгуулсан нь хараахан байхгүй байсан. Тэгэхээр бидний энэ ажил анхны туршлага болохоороо бас онцлогтой.  Яг эхлүүлэх гээд байгаа нь “Говь” боловч үүний цаана монгол ноолуур, монгол брэндийн нэр явах маш хариуцлагатай ажил. Бид үндэс суурийг нь зөв тавиад энэ ажлыг амжилттай эхлүүлчих юм бол араас нь бусад брэндүүд, үйлдвэрүүд маань гараад явах боломж нь нээгдэнэ.

АНУ манай улсад зориулсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн бодлогыг батлах гэж байна. Гуравдагч хөршийн бодлого яг танай салбарт маш том нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ноос ноолууран бүтээгдэхүүний салбар гэхээр хэтэрхий жижиг асуудал  ярилаа гэх шүүмжлэл ч байдаг?

-Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт бол манай орны хувьд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ч гэсэн салбарынхан маань  Америкт энэ хуулийг өргөн барьж санаачилсан конгрессын гишүүдтэй ойр ажиллаж байгаа. Үүнд салбарын гол компани, хамгийн ууган бөгөөд том үйлдвэрийн хувьд бид маш их ач холбогдол өгч, дэмжиж байгаа.  Салбар нь яагаад онцлог юм бэ гээд яривал нэгдүгээрт,  манай улс 800 гаруй мянган өрхтэйгээс 220 гаруй мянган малчин өрх байна. Бид хүссэн хүсээгүй уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж, түүхий эдээр нь амьдарна. Ямаа бол малын даац бэлчээр буталдаг, ноолуурыг нь авах гэж амьтан зовоож байна гэх мэт янз бүрийн сөрөг яриа гардаг л даа. Үүнийг ул суурьтай шинжлэх ухаанч талаас нь судлаад яг малчидтай уулзаад яриад явж байхадямаа дангаараа бэлчээр даац талхлаад байдаг зүйл байхгүй байх жишээтэй.  Нөгөө талаасаа ямааны ноолуурыг самнаж авч байгаа нь тухайн амьтандаа ач тус хүргэж байгаа зүйл.  Дулаараад ирэхээр ноос ноолуур нь арьснаасаа хөөрөөд ирдэг. Энэ үед нь авахгүй бол хамуурна, янз бүрийн хачиг хорхойд бариулна, арьс цоорох хүртэл гэмтэл учруулдаг учраас уламжлалт аргаар буюу гараараа самнаж авч байгаа.  Энэ нь өөрөө байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд орж байгаа юм шүү дээ.

Энэ салбар улсдаа эдийн засгийн болоод бусад ямар үр өгөөжийг өгч байгаа талаар ярилцаад хоёулаа яриагаа өндөрлөе?

-Энэ салбарын хувьд Монголд яагаад онцлоод байгаа юм бэ гэхээр сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга гэх мэт голлох салбаруудад ажиллаж байгаа хүмүүсийг харвал дийлэнх нь эрчүүд байна.  Гэтэл нөгөө талдаа эмэгтэйчүүдийн ажилгүйдэл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо, тэдний ажил эрхлэх шаардлага нэмэгдээд байдаг. Нийгэмд бие даасан өрх толгойлсон эмэгтэйн ард үр хүүхэд, аав ээж нь гээд бодоод үзэхээр зургаан хүн байна шүү дээ. Манай салбар буюу хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд зонхилж ажиллах боломжтой.Манай үйлдвэрт гэхэд нийтдээ 3000 ажилчинтай, түүний 75-аас илүү хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Тэгэхээр энэ асуудалд Америкийн конгрессын эмэгтэй гишүүд ач холбогдол өгч дэмжиж байгаа. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжтой Монголын цөөн салбаруудын нэг нь манай салбар гэдэгт утгаар дэмжигдэж байгаа гэсэн үг.  Түүнчлэн бүтээгдэхүүн болж чадалгүй  гадагшаа гарч байгаа маш их түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь эдийн засагт томоохон хувь нэмэр болно гэдгийг хэлмээр байна.