Мэдээлэл

“ИТГЭЛТЭЙ, ХИЧЭЭНГҮЙ, ТУУШТАЙ” ХҮНИЙГ ТАВАН БОГД ГРУПП ТҮШЭЭД Л АВДАГ

“ИТГЭЛТЭЙ, ХИЧЭЭНГҮЙ, ТУУШТАЙ” ХҮНИЙГ ТАВАН БОГД ГРУПП ТҮШЭЭД Л АВДАГ

“Таван Богд” Группийн 2019 оны “Тэргүүний ажилтан” Ц. Булгаа

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Юуны өмнө “Таван Богд” Группийн тэргүүний ажилтан болсонд дахин баяр хүргэж байна.

Ярилцлагаа “Таван Богд” групп-д ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаар эхлүүлье.

Баярлалаа, Би Таван Богд Групп-д одоогоос 22 жилийн өмнө ажилд  орж байлаа. Тухайн үед “Таван Богд” ХХК нь Fujifilm зураг угаах үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба би 1998 онд анх кассын нярваар ажиллаж эхэлсэн дээ. Харин одоо группийнхээ Дотоод Аудитын газрын харьяа Мөнгөн гүйлгээний хэлтэст “Мөнгөн гүйлгээний мэргэжилтэн” албан тушаалд ажиллаж байна.

Хамгийн анх “Таван Богд” ХХК-д ажиллаж эхлэхэд орон тооны бүтэц цомхон, цөөн хүмүүстэй харьцдаг байсан бол жил өнгөрөхийн хэрээр манай компани салбар компаниудтай болж өргөжин тэлсээр,ур чадвар, сэтгэл зүтгэл бүхий ажлын олон хамтрагчидтай болсон.

“Таван Богд” Групп-д ажиллах хугацаанд бүтээсэн хамгийн гоё дурсамжууд юу вэ?

Би  компанидаа ажиллаж байхдаа ханьтайгаа анх танилцаж, гэр бүл болсон. Одоо 3 сайхан хүүхэдтэй. Миний амьдралтай холбоотой салшгүй сайхан дурсамжууд зөндөө байдаг учраас АЖЛААСАА АМЬДРАЛАА ОЛЖ АВСАН ГЭЖ БОДДОГ.

Сонирхолтой түүхээс дурдвал анх кассын нярваар ажиллаж байхад мөнгө тоологч машин гэж байдаггүй байлаа. Тухайн үед 50, 100-тын дэвсгэрт гэх мэт задгай төгрөг их ашигладаг байсан учраас мөнгөнүүдээ хайрцаг, шуудайнд хийгээд л банкруу авч яваад  шөнийн 12 цаг хүртэл гараар тоолох үе бишгүй л байдаг байлаа.

Миний хувьд тасралтгүй ажилласан 22 жилийн хугацаанд “Таван Богд” Групп маань ХХК-иас Групп компани болтлоо өргөжин, тэлж амжилттай өсөн дэвжиж байгааг нь харахад бахархалтай сайхан санагддаг.

Таны ажлын онцлог юу вэ?

Миний үндсэн ажил үүрэг бол  байгууллагын дотоод, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх болон бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ хийдэг, хувь хүнээс анхаарал, сахилга бат шаардсан нарийн ажил юм. Түүнээс гадна ажилтан хоорондын итгэлцэл,ойлголцол маш чухал. 

Энэ албаны ажилтны ХУВЬД НАЙДВАРТАЙ, ЯМАР НЭГЭН БАЙДЛААР АСУУДАЛ ҮҮСГЭХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Бусад бизнесийн компаниудаас “Таван Богд” Групп юугаараа онцлог вэ?

Саяхныг хүртэл цалингаа цагт нь тавьдаггүй олон компаниуд байдаг байлаа. Харин миний мэдэхээр эдийн засаг, цаг үеийн ямар ч нөхцөлд “Таван Богд” Групп ажилчдынхаа цалин хөлсийг яг хугацаандаа олгодог нь ажилчдад хувийн амьдрал, санхүүгээ төлөвлөхөд дэмтэй байдаг.

Мөн жил бүр ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ цалин, урамшууллыг тодорхой хувиар өсгөж хийдэг нь ажилтнууддаа их урам өгдөг болов уу гэж боддог.

Бас компанийн соёлоос шалтгаалаад хамт олон бусдаас ялгарах онцлогтой. Саяхан оны тэргүүний ажилтны шагналаараа Вьетнам улс руу хамт олонтойгоо явсан учраас аялал маш гоё хөгжилтэй, зугаатай, дурсамж дүүрэн болсон. Хамгийн гол нь надтай хамт явсан ажилтнууд бүгд өөр өөр салбарт ажилладаг ч  яг нэг компанийн хүмүүс шиг дотно, коллективтэй байсан.

“Таван Богд” Группийн нийт ажилтнуудад зориулан хандаж хэлэх үг?

“Итгэлтэй, хичээнгүй, тууштай” хүнийг “Таван Богд” Групп түшээд л авдаг гэж боддог. Компаниас хурал, сургалтууд тогтмол зохион байгуулагдаж хувь хүний хөгжил, ур чадварт их анхаардаг учраас тууштай хичээж чадвал хүн бүрд боломж нээлттэй байдаг гэдгийг онцолмоор байна. Группийн уриа болох “Хамтын хүч-Амжилтын түлхүүр” гэдэг үгийн утгыг ойлгож байж халуун дулаан хамт олон бүрдэж, ажил амьдрал урагшилдаг гэж боддог.

-Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

Товч намтар

  • 1998 он-“ Таван Богд Групп”-д ажилд орсон
  • 2003 он-“Таван Богд Интернэйшнл” ХХК-Байгууллагын тэргүүний ажилтан
  • 2009 он-“Таван Богд Трейд” ХХК-Байгууллагын тэргүүний ажилтан
  • 2015 он-Монгол Улсын “Сангийн яам”-ны “Жуух бичиг”
  • 2018 он- Монгол улсын “Санхүү, банкны тэргүүний ажилтан”- “Хүндэт тэмдэг”
  • 2019 он- “Таван Богд” Групп-ийн “Тэргүүний ажилтан”