Мэдээлэл

Ахмадууддаа сар шинийн баярыг угтаж бэлэг гардууллаа

Таван Богд Групп-д ажиллаж, түүх бүтээлцсэн ахмадууддаа сар шинийн баярыг угтаж бүтээгдэхүүний гарын бэлэг гардуулж, талархлын баярын үйл ажиллагааг жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг билээ. Энэ жил бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул ахмадууддаа зорьж очин гарын бэлэг гардууллаа.  Хуучнаар авто засварын заводод ажиллаж байсан болон “Таван Богд Групп”-д ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадууддаа нийт 84 ахмадууддаа Хулгана жилийг угтан Таван Богд Группийн хүний нөөцийн газраас хүндэтгэл үзүүлсэн юм.  Хамтын хүч-Амжилтын түлхүүр Таван Богд Групп

“ИТГЭЛТЭЙ, ХИЧЭЭНГҮЙ, ТУУШТАЙ” ХҮНИЙГ ТАВАН БОГД ГРУПП ТҮШЭЭД Л АВДАГ

“Таван Богд” Группийн 2019 оны “Тэргүүний ажилтан” Ц. Булгаа Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Юуны өмнө “Таван Богд” Группийн тэргүүний ажилтан болсонд дахин баяр хүргэж байна. Ярилцлагаа “Таван Богд” групп-д ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаар эхлүүлье. Баярлалаа, Би Таван Богд Групп-д одоогоос 22 жилийн өмнө ажилд  орж байлаа. Тухайн үед “Таван Богд” ХХК нь Fujifilm зураг угаах үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба би 1998 онд анх кассын нярваар ажиллаж эхэлсэн дээ. Харин одоо группийнхээ Дотоод Аудитын газрын харьяа Мөнгөн гүйлгээний хэлтэст “Мөнгөн гүйлгээний мэргэжилтэн” албан тушаалд ажиллаж байна. Хамгийн анх “Таван Богд” ХХК-д ажиллаж эхлэхэд орон тооны бүтэц цомхон, цөөн хүмүүстэй харьцдаг байсан бол жил өнгөрөхийн хэрээр манай компани салбар компаниудтай болж өргөжин тэлсээр,ур чадвар, сэтгэл зүтгэл бүхий ажлын олон хамтрагчидтай болсон. “Таван Богд” Групп-д ажиллах хугацаанд бүтээсэн хамгийн гоё дурсамжууд юу вэ? Би  компанидаа ажиллаж байхдаа ханьтайгаа анх танилцаж, гэр бүл болсон. Одоо 3 сайхан хүүхэдтэй. Миний амьдралтай холбоотой салшгүй сайхан дурсамжууд зөндөө байдаг учраас АЖЛААСАА АМЬДРАЛАА ОЛЖ АВСАН ГЭЖ БОДДОГ. Сонирхолтой түүхээс дурдвал анх кассын нярваар ажиллаж байхад мөнгө тоологч машин гэж байдаггүй байлаа. Тухайн үед 50, 100-тын дэвсгэрт гэх мэт задгай төгрөг их ашигладаг байсан учраас мөнгөнүүдээ хайрцаг, шуудайнд хийгээд л банкруу авч яваад  шөнийн 12 цаг хүртэл гараар тоолох үе бишгүй л байдаг байлаа. Миний хувьд тасралтгүй ажилласан 22 жилийн хугацаанд “Таван Богд” Групп маань ХХК-иас Групп компани болтлоо өргөжин, тэлж амжилттай өсөн дэвжиж байгааг нь харахад бахархалтай сайхан санагддаг. Таны ажлын онцлог юу вэ? Миний үндсэн ажил үүрэг бол  байгууллагын дотоод, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх болон бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ хийдэг, хувь хүнээс анхаарал, сахилга бат шаардсан нарийн ажил юм. Түүнээс гадна ажилтан хоорондын итгэлцэл,ойлголцол маш чухал.  Энэ албаны ажилтны ХУВЬД НАЙДВАРТАЙ, ЯМАР НЭГЭН БАЙДЛААР АСУУДАЛ ҮҮСГЭХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.  Бусад бизнесийн компаниудаас “Таван Богд” Групп юугаараа онцлог вэ? Саяхныг хүртэл цалингаа цагт нь тавьдаггүй олон компаниуд байдаг байлаа. Харин миний мэдэхээр эдийн засаг, цаг үеийн ямар ч нөхцөлд “Таван Богд” Групп ажилчдынхаа цалин хөлсийг яг хугацаандаа олгодог нь ажилчдад хувийн амьдрал, санхүүгээ төлөвлөхөд дэмтэй байдаг. Мөн жил бүр ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ цалин, урамшууллыг тодорхой хувиар өсгөж хийдэг нь ажилтнууддаа их урам өгдөг болов уу гэж боддог. Бас компанийн соёлоос шалтгаалаад хамт олон бусдаас ялгарах онцлогтой. Саяхан оны тэргүүний ажилтны шагналаараа Вьетнам улс руу хамт олонтойгоо явсан учраас аялал маш гоё хөгжилтэй, зугаатай, дурсамж дүүрэн болсон. Хамгийн гол нь надтай хамт явсан ажилтнууд бүгд өөр өөр салбарт ажилладаг ч  яг нэг компанийн хүмүүс шиг дотно, коллективтэй байсан. “Таван Богд” Группийн нийт ажилтнуудад зориулан хандаж хэлэх үг? “Итгэлтэй, хичээнгүй, тууштай” хүнийг “Таван Богд” Групп түшээд л авдаг гэж боддог. Компаниас хурал, сургалтууд тогтмол зохион байгуулагдаж хувь хүний хөгжил, ур чадварт их анхаардаг учраас тууштай хичээж чадвал хүн бүрд боломж нээлттэй байдаг гэдгийг онцолмоор байна. Группийн уриа болох “Хамтын хүч-Амжилтын түлхүүр” гэдэг үгийн утгыг ойлгож байж халуун дулаан хамт олон бүрдэж, ажил амьдрал урагшилдаг гэж боддог. -Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье. Товч намтар 1998 он-“ Таван Богд Групп”-д ажилд орсон 2003 он-“Таван Богд Интернэйшнл” ХХК-Байгууллагын тэргүүний ажилтан 2009 он-“Таван Богд Трейд” ХХК-Байгууллагын тэргүүний ажилтан 2015 он-Монгол Улсын “Сангийн яам”-ны “Жуух бичиг” 2018 он- Монгол улсын “Санхүү, банкны тэргүүний ажилтан”- “Хүндэт тэмдэг” 2019 он- “Таван Богд” Групп-ийн “Тэргүүний ажилтан”

Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт “HARDYS wine bar” үүд хаалгаа нээлээ

160 гаруй жилийн түүхтэй Австралийн HARDYS брэндийн дарсаар нэрийдсэн “HARDYS wine bar” нийслэл хотын зүрхэн хэсэгт сүндэрлэх “Галлериа Улаанбаатар” төвийн 3 давхарт албан ёсоор нээлтээ хийлээ. “HARDYS wine bar” нь 32 хүний суудалтай, орчин үеийн сонгодог шийдэл бүхий тохижилттой ба HARDYS нэрийн 7 төрлийн усан үзмийн сорттой дарс, дарстай зохицох бүх төрлийн хоол, хөнгөн зуушаар үйлчилж байна. HARDY’s брэндийн сонирхолтой түүхэн баримтаас хуваалцвал: Сонгодог хэв маягийн жинхэнэ төлөөлөл Hardy’s брэнд нь урт удаан түүхтэй Coca Cola брэндээс өмнө үүсгэн байгуулагдсан буюу 1853 онд үүссэн өнө удаан жилийн түүхтэй брэнд юм. Дэлхийн 130 гаруй оронд борлуулагддаг ба дэлхий даяарх дарсанд дурлагсад өдөрт 2 сая гаруй хундага Hardy’s-г хэрэглэдэг байна. Сүүлийн 10  жилийн хугацаанд 9000 гаруй шагналын эзэн болсон ба үүний нэг жишээ нь 2013 оны дэлхийн хамгийн хүчирхэг Австрали дарсны брэнд хэмээн нэрлэгдсэн юм.       Та бүхэн цоо шинэхэн HARDY’s wine bar-аар ая тухтай үйлчлүүлээрэй. 

“МЭДЛЭГТЭЙ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙН УРАЛДААНЫ 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ШИЛДЭГ 3 БАГ ТОДОРЛОО

Улаанбаатар Принтийн “Мэдлэгтэй дэвтэр” брэндээс ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “МЭДЛЭГТЭЙ ИРЭЭДҮЙ” төслийн уралдааны сүүлийн шалгаруулалт  12 сарын 18-нд боллоо. Энэ удаагийн төсөл нь  “Сургуулийн орчинд тулгамдсан асуудал, сурч боловсрох эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх’’ сэдэвтэй байсан ба ерөнхий боловсролын 28 сургууль оролцож, шилдэгээр нийслэлийн 13, 14-р сургуулиуд болон Төв аймгийн Хүмүүн цогцолбор шалгарлаа. Шилдгийг тодруулахдаа 12 сарын 19-24-ний хооронд “Мэдлэгтэй дэвтэр” фэйсбүүк хуудсанд шилдэг 3 төслийг байршуулж,  хамгийн олон like авсан төсөл ялагчаар тодрох юм.  Иймээс та бүхэн сурагчид, багш нарын хамтран бичсэн төсөлтэй танилцаж, өөрийн дэмжиж байгаа төсөлд саналаа өгч, эх орны мэдлэгтэй ирээдүй болсон сурагчдын сурах орчинг сайжруулахад хөрөнгө оруулаарай. Уралдааны эхний шатанд сурагчид “Дууссан дэвтрээрээ бид юу хийж болох вэ?” сэдвээр бүтээлч өдөрлөг зохион байгуулсан. Эндээс  хамгийн оновчтой санаа, шилдэг бүтээлээрээ шалгарсан 28 сургуулийн сурагчдын баг уралдааны төсөл бичин дараагийн шатанд оролцсон бөгөөд төсөлд оролцсон нийт багийнхандаа “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн зүгээс баяр хүргэж, амжилт хүсье. 

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВӨӨР ЗОЧИЛЖ ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ БОЛООРОЙ

2019 оны 12 сарын 10-14 ны хооронд “Ид шидийн уут” Галлериа Улаанбаатар төвд байрлаж хүнд нөхцөлд амьдарч байгаа бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлгээ цуглуулж эхэллээ. Ид шидийн уутанд та өөрийн хүссэн бэлгээ хандивлах боломжтой бөгөөд шууд мөнгөн хандив гэхээс илүү Лантуун Дохио ТББ-с гаргасан түлхүүрний оосор, хөргөгчний наалт зэргийг худалдан авч бяцхан хүүхдүүдэд амьдрах дулаан байр, идэх халуун хоолтой байхад нь тус болох юм. Таван Богд Группийн зүгээс сүүлийн 1 сарын турш “Ид шидтэй ах эгч” хандивын аяныг группийн нийт ажилчдын дунд зохион байгуулж байгаа бөгөөд мөнгөн хандиваас гадна салбар тус бүрээс “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагааг дэмжиж байгаа бүх төрлийн хандивын үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж байгаа билээ. Та ч бас бидэнтэй нэгдэж Ид шидтэй ах, эгч болоорой.

KFC ТЭВРЭЛТИЙН ӨДРӨӨР 35-Р СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ХАРААНЫ ШИЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

       “KFC” брэнд “Улаанбаатар Ротаракт клуб” ТББ-тай хамтран 11 сарын 24-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийн I-III ангийн хүүхдийг нүдний үзлэгт хамруулан, шил зүүх нэн шаардлагатай хүүхдүүдэд нүдний шил бэлэглэлээ.          KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “Тэврэлтийн өдөр” нь 2014 оноос эхлэн сар бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарынх “Улаанбаатар Ротаракт клуб”-ийн санаачилсан “Eye See” төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласнаараа илүү онцлог болж олон хүүхдэд сэтгэлийн дэм хайрлалаа.